Recent videos

TITLE1 = "Хошин шог"; title2 = "Action"; TITLE3 = "Bike Games"; TITLE4 = "Dress-U p"; TITLE5 = "Strategy"; TITLE6 = "Sport Games"
Showing posts with label Гадаад клип. Show all posts
Showing posts with label Гадаад клип. Show all posts

Сэтгэлд дотно орос дуу



Жалбуугийн Пүрэвдаш (Монхоо)
ЭРГЭН ДУРСАХУЙ нийтлэлүүдийн маань өмнөх дугаарууд бүгд 1970-аад оны сүүлч 1980-аад оны дөнгөж эхэн үеийн гадаадын хамтлаг дуучдын хит болсон дуунуудыг хамрахаас гадна голдуу бидний Монголчуудын дунд хит болон түгж байсан дуунуудыг оруулахыг хичээсэн билээ. Тухайн үедээ эдгээр дуунууд хуучин ЗХУ болон Зүүн Европын социалист системийн орнуудад суралцаж байсан оюутнуудаар голлон бидэнд хүрдэг байсныг товч дурдсаныг санаж буй биз ээ. Тэд зөвхөн барууны дуу хөгжмийг бидэнд таниулж байгаагүй юм. ЗХУ тэргүүтэй бүхэл бүтэн социалист систем ноёрхож байсан учраас Зөвлөлтийн эстрад дуу хөгжим бидний дунд маш том байр суурийг эзэлж байсан. Алла Пугачева, Ялла, Игорь Склярь, Машина Времени, София Ротару, Анне Вески гээд нэрлээд байвал цаашид хөвөрч өгнө.
Мөн Зөвлөлтийн уран сайхны киноны дуунууд бас л их хит болдог байсныг тэр үеийн залуус бүгд сайн мэднэ. Эдгээр дуу хууртай хамт бидний гэнэн томоогүй хүүхэд нас, залуу зандан насны хайр сэтгэл, ахмад настны ахуй амьдрал тэр чигтээ мөнхрөн үлдсэн. Тийм ч учраас социалист нийгмийн тэрхэн агшинд амьдарч байсан бидэнд Зөвлөлтийн эстрадын дуу хөгжим бүхнээс илүү дотно байдгийг энд хэлэх илүү бизээ.
1970-аад он болон 1980-аад оны эхээр дэлхийн рок, попын хит болж байсан дуунууд ийм байсан юм байж. Тэгвэл бидний ахаа гэж авгайлдаг хуучнаар Зөвлөлтийн дуу хөгжим бидний дунд хэрхэн мандаж байсан юм бол гэдэг их сонирхолтой байна. Хамтдаа энэ хэсэгт зочилцгооё! Галт тэргэндээ суугаад бүсээ чангахан шиг бүслээрэй залуус аа!
1. Алла Пугачева - Арлекино

1974 он Зөвлөлийн орон тэр чигээрээ бас болоогүй талын Монгол зөвхөн энэ дуугаар нэг хэсэгтээ л амьсгалж байсан байх. Би төрөх гээд л дуншиж байсан байгаа юм. Энэ сайхан мөн маш их нэрд гарсан агуу дуутай хамт төрсөн хүн дээ би. Миний бодоход олон жил Монголын радиогоор эгшиглэдэг байсан юм шиг ээ. Би санадаг юм. Аав маань намайг дагуулан нутгийнхаа нэгэн айлд саатсанд радиогоор нь энэ дуу явж таарсан юм. Тэгтэл аав маань энэ мөн бурханаас заяасан агуу мундаг хоолойтой хүн шүү гэж хэлж байсан нь бүүр түүрхэн санагддаг юм. Тэрийг санаж байхыг бодоход би ямар ч байсан ярьдаг болоод хүн ойлгодог болохтойгоо болчихсон байсан гэж бодоход дор хаяж 4 юм уу 5 настай байх гээд байгаа юм. Дуу төрснөөсөө хойш ийм л удаан хугацаанд бидний дунд эгшиглэж байсан байна шүү дээ. Итгэмээргүй юм.
2. Здравствуй песня - Не обещай

1970-аад оны сүүлчээс дэлхий нийтийг хамран хурдацтай тарж байсан диско стилийн хөгжмийн давалгаанд хуучнаар ЗХУ-д байгуулагдсан анхны хамтлаг гэж болно. Дууны ерөнхий хэв маяг стиль нь Германы алдарт Boney М, Eruption нартай адилхан гэж хэлж болно. Бидний нийтлэлийн 2-рт энэхүү хамтлагийн дуулсан Синий синий, инеи хэмээх дуу орсныг санаж буй биз дээ. Eruption хамтлагын One Way Ticket хэмээх дууг орос хэлээр дуулсан нь ЗХУ улс даяар диско клубуудэд эгшиглэж байсан гэдэг. Харин бидний энэ сонсож буй дуу тэдний 2 дах хит нь юм.
3. ВИА Самоцветы - Вся жизнь впереди

1970-аад он гэхэд аль хэдийн олонд танигдсан хамтлаг болсон байжээ. Маш олон хит дуунуудтай бөгөөд 1973 онд дуулж байсан Мой аддресс Советский Союз дуу нь их алдартай байжээ. Цоглог мөртлөө уянгын аялгуут энэ дууг тухайн үед амьдарч байсан ЗХУ-н иргэд одоо ч дуулах дуртай байдаг гэсэн шүү. Москва слезам не верить киноны Александра дуу 2 зэрэгцээд л хит болж байсан гэсэн. Энэ дууг энэхүү цомогтоо оруулан та бүхний залуу сайхан цагт аваачсандаа их баяртай байна.
4. ВИА Поющие сердца - Листья закружат

1970-аад оны ЗХУ-н хамгийн алдартай байсан хамтлаг юм. Тэрээр 1974 онд бүх холбоотын урлагын алтан медаль хүртэж байжээ. ВИА Поющие сердца Следствие ведут Знатоки, Мы-Архимеды, SOS над тайгой, Эта весёлая планета, Тёща зэрэг тухайн үеийн Зөвлөлтийн уран сайхны киноны зураг авалтад оролцож байхаас гадна телевизийн Кабачок 13 стульев, Не в шутку, а всерьёз, Песня года зэрэг олон нэвтрүүлэгт оролцож байсан аж. 1985 оны үед хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд голлох зарим гишүүд нь Ария хэмээх рок хамтлаг байгуулан тусгаарласан гэдэг. Хамтлагтаа үлдсэн бусад нь одоо х бүрэлдэхүүнээр тоглож байгаа гэсэн.
5. Цветы - Честно говоря

Зөвлөлтийн рок урсгалын дуу хөгжмийг үндэслэгч хэмээн албан ёсоор үздэг юм байна. 1973 онд гаргасан Мелодия студийн анхны цомог 7 сая хубиар борлогдсон байдаг. Алдрынхаа оргилд хүрсэн гэж үзэн 1975 онд алдраа тэмдэглэсний дараа өөрийн продюсер, уран бүтээлчидтэй муудалцсаны улаас ЗХУ-н Соёлын Яамны захирамжаар Цветы хэмээх нэгэнт алдаршсан энэ нэрийг ашиглахыг нь хоригложээ. Гэвч удалгүй байдал жаал намжсаны дараахан хамтлагын ихэнх гишүүд дахин нэгдэж Стаса Намина гэх цоо шинэхэн залуучуудын рок хамтлаг байгуулагдсан түүхтэй. Нийтлэлийн маань сүүл хэсэгт энэ хамтлагын нэрээр дуулсан нэгэн рок дууг бүгдээрээ хүлээн авах болно.
6. Лейся, песня! - Песенка про сапожника

Кемерово хотын филармоньд 1974 онд байгуулагдсан тус хамтлаг Михаил Шуфутинскийг 1976 онд хамтлагтаа авснаар орон даяар алдаршиж эхэлжээ. Улмаар 1978 онд Сочи хотноо болсон бүх холбоотын урлагын их наадамд тэргүүлж улсын хэмжээний нэртэй хамтлаг болсноо баталж байжээ. Тэрээр маш олон телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож байснаас гадна социалист орнуудын хүрээнд олон наадамд оролцож байсан байна. 1984 онд хамтлагийг учир битүүлгээр хаасан байна. 1986 оныг хүртэл хөөцөлдсөн авх амжилт олоогүй гэдэг. Чухам яагаад хаасан юм бол?
7. ВИА Синяя Птица - Ты мне не снишься

1975 онд Мелодия студид анхныхаа бичлэгт орж, 1976 оноос цомгийнхоо баярыг хийснээр энэ хамтлагийн төрсөн өдөр болгон албан ёсоор тэмдэглэн үлдээжээ. Белорусс БНУ-н уран бүтээлчдийн үүсгэн байгуулсан энэхүү хамтлаг аль 1972 онд анхныхаа дуунуудыг дуулж байжээ. Уламжлал ёсоор телевизийн нэвтрүүлэгт оролцохоос гадна Болгар, Чехсловак зэрэг орнуудад болдог жил тутмын урлагын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог байв. 1980 оны Москвагийн Олимпийн тоглолт-н урлаг уран сайхны арга хэмжээнүүдэд мөн урилгаар оролцсон байдаг юм байна.
8. ВИА Ариэль - Зимы и вёсны

Та бүхэн санаж байгаа бол улс төрийн дууны уралдаан гэж 10 жилийн сургууль болгонд явдаг байсныг. Хамтлаг маань анх тэгж л гарч ирсэн гэдэг. Челябинск хотын уран бүтээчдийн анхааралд өртсөн эдгээр хөгжмийн сургуулийн хүүхдүүдийг 1968 оноос эхлэн хамтлагийн зохион байгуулалтад оруулж албан ёсоор 1970 онд нээлтээ хийж байжээ. Хамгийн том амжилт нь Горький хотын 750 жилийн ойн хүрээнд зохиогдсон бүх Оросын урлагын наадамд оролцон түрүүлж байжээ. Хамтлаг маань одоо ч уран бүтээлээ туурвиж байгаа. Хамгийн сүүлчийнхээ уран бүтээлийг 2010 онд гаргажээ.
9. Владимир Маркин - Серенивий туман

Зуслангийн соёлын арга хэмжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байсан тэрээр жижиг хүүхдийн хамтлаг байгуулан дуулж байжээ. Харин түүнд нэгэн аз тохиосон нь хэний ч мэдэхгүй нэгэн залуу тэр үеийн Зөвлөлтийн телевизийн алдартай нэвтрүүлэгүүдийн нэг Утренняя почта-д урилгаар оролцсон нь түүнийг олонд таниулж өгсөн гэдэг. Тэр цагаас эхлэн олон жил уран бүтээлээ туурвиж ЗХУ болоод бидний сайн мэдэх дуучин, хөгжмийн зохиолч болжээ. Би түүнийг хамгийн сүүлд зурагтаар КВН нэвтүүлгийн шүүгчээр ажиллаж байхыг нь харсан юм байна. Харин одоо хашир улс төрөөр хөөцөлдөөд тун завгүй нэгэн болсон гэдэг шүү.
10. Гнатюк Николай - Птица счастья

Украйн БНУ-н (хуучнаар) алдарт дуучин маань бидний дунд энэ дуугаараа алдаршсан. 1978 онд Украйндаа түрүүлснээр Бүх Холбоотын Урлагын их наадамд оролцох эрх өвөртлөснөөр олны танил болон алдаршжээ. Тэрээр уг наадамд 3-р байрын шагнал хүртсэн нь тухайн үедээ үнэхээр муугүй амжилт байсан. Бусад түүхийн хувьд яг л өмнөх хамтлаг дуучдын хувь тавилан. Энэ бүхнээс эргээд харахад ЗХУ-н бүхий л амьдрал нэг хэвэнд цутгасан юм шиг хүмүүсийнх нь намтар түүх ч мөн адил тэгсэн ингэсэн гэсээр үргэлжлэх нь та бүхэнд битгий хэл заримдаа надад ч гэсэн уйтгартай байдаг юм. Гэвч бидний сонсож буй дуу хуур бол өөр асуудал шүү.
11. Валерий Леонтьев - Зелёный свет

Усть-Уса Коми АССР-н тосгонд төрсөн тэрээр багаасаа л урлагт авьястай нэгэн байжээ. Архангельск мужийн арван жилд сурч байхдаа сургуулийнхаа хор-т дуулдаг байжээ. Тэгээд хувь заяаны эрхээр энд тэнд урлагын янз бүрийн уралдаан тэмээнд оролцож явсаар олны танил дуучин болсон бөгөөд улмаар ЗХУ-н ардын жүжигчин болсон түүхтэй. Социализмийн үед Улаанбаатарт ирж тоглолтоо хийсэн байдаг юм. Манайхан ч байдгаараа гоёод л очсон биз. Гэтэл үзэгчид маань концерт үзэж таашаал авах нь бүү хэл ихэнх эрчүүд маань түй пай болсоор гарч ирсэн гэдэг. Учир нь Валерий Льёонтев маань нэгэн дууныхаа үеэр хамт бүжиглэж байсан хүүхнийхээ салтаан доогуур гарсан шиг байгаа юм. Ёс заншил гэж юунаас ч илүү хүчтэй байдаг хойно яая гэхэв дээ Монголын маш олон үнэнч фэнүүдээ алдсан нь тодорхой. Гэвч тэрээр мундаг дуучин яах аргагүй мөн. Түүний хэд хэдэн дуу манай дараа дараагийн нийтлэлүүдэд орох болно.
12. Секрет - Привет

The Beatles хамтлагийн улаан фэнүүд тэдэн шиг алдартай болохыг мөрөөдөгч 4 залуу яг л Liverpool-н алдарт 4 гэж дуудуулдаг шиг Ленинградын алдарт 4 гэж дуудуулсаар гарч ирсэн билээ. 1983 онд байгуулагдсан цагаасаа л эхлэн дуулсан дуунууд нь хит болж байсан гэхэд хилсдэхгүй. Харин 1985 онд Мелодия студи хамтлагийн 2 дахь пянзыг гаргасан ч ихэнх дуунууд нь аль хэдийн хит болон дуулагдаж байсан гэдэг. Тэрхүү дуунуудын нэг бол бидний сонсож буй Привет хэмээх дуу юм. The Beatles хамтлагийн Do You Want to Know a Secret? дуунаас сэдэвлэн хамтлагаа Секрет гэж нэрлэсэн гэдэг. Нэлээд сүүлд буюу 1987 онд Рок н Роллын Хаан Элвис хэмээх мюзыкл тоглож байсан байх юм.
13. Веселые ребята - Автомобили

1969 онд анх байгуулагдаж байжээ. Гадаадын сонгодог уран бүтээлийг эстрадын хөгжимд найруулан тавьж тоглодог байсан бараг дэлхийн гэж хэлж болохоор хамгийн анхны хамтлаг юм байна. 1974 онд Алла Пугачева энэ хамтлагт дуулж эхэлсэн байдаг. Түүний анхны гэж хэлж болох хит дуу Арлекино тус хамтлагтай хийсэн анхны уран бүтээл юм байна. Харин 1980-аад оны эхнээс электро поп урсгалаар уран бүтээлээ түүрвиж эхэлсэн нь хамтлагийг нэрийнх нь хувьд олонд алдартай болгож чаджээ. Бидний сонсож буй энэхүү дуу 1983 онд гарсан цомогт нь багтсан бөгөөд социалист орнуудын дунд зохиогдож байсан эстрадын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна.
14. Машина Времени - Марионетки

Машина Времени хамтлаг 1969 онд байгуулагдсан ЗХУ-н ууган рок хамтлагуудын нэг билээ. Түүхэн замнал нь маш арвин бөгөөд хамтлагийн гишүүд өөрчлөгдөн явсаар 21-р зуунтай золгосон биз ээ. Бидний сонсож буй бүрэлдэхүүн нь 1980-аад оны дунд үеийнхэн. ЗХУ-г тойрон аялан тоглолт их хийдэг байсан тус хамлагийн пянз гэхэд л хэдэн саяараа үйлдвэрлэгддэг байжээ.
15. Земляне - Трава у дома

1980-аад эхээр нэрд гарч байсан дуунуудын нэг яах аргагүй мөн билээ. Бидний үзэх дуртай нөгөөх Ну Погоди хүүхэлдэйн кино дээр ч дуулагдаж байдаг шүү дээ. Нэгэн сонирхолтой мэдээ байна. 1987 онд хамтлаг маань ЗХУ түүхэнд анх удаа гадаадын нэгэн рок хамтлагтай хамтран Москва хотын Олимпийский стадионд тоглолтоо хийжээ. 1988 онд хамтлагийг үүсгэн байгуулагч Владимир Киселёв хамтлагаа орхисноор цаашдын уран бүтээл явцгүй болж, олонд түгсэн хит дуунуудын буухиа тасарсан гэж хэлж болно.
16. Игорь Скляр - Комарово

Хүн болгон л амандаа аялчихсан явдаг байсан сан. Дэлхийд биш юмаа гэхэд ЗХУ Монгол 2-рт бол хит жагсаалтын нэгдүгээрт явж байсан биз. Манай хойд талын байрны нэг орос айл өсгөгчөө цонхон дээрээ тавьж байгаад л амралтын өдрүүдэд гоё гоё дуу тавьж өгнө шүү дээ. Энэхүү нийтлэлийг бичигч миний бие Эрдэнэт хотод өссөн бөгөөд тус хотод ГОК-н ажилчид болох хуучин ЗХУ-н маш олон иргэд ажиллаж амьдарч байлаа. Заримдаа Оросуудаас шуудхан л тэр дууныхаа пянзыг өгчих гээд гуйна шүү дээ. Зарим нь итгээд өгөнгүүт нь гол гаргаад буцааж өгнө гэж гонж. Ориг пянз олдохгүй, хэцүү. Дуу сонирхон цуглуулах боломж л лав тэр үед үнэхээр бий болоогүй л юмдаг. Энэ сайхан дуугаар нийтлэл маань үргэлжилж байна.
17. Ялла - Учкудук

ЗХУ-н Үзбекистан БНУ-н алдарт Ялла хамтлаг 1960-аад оны сүүлчээр Ташкент хотноо үүсэн байгуулагджээ. 1982 онд алдарт энэ дуугаа дуулах хүртлээ зөвхөн Үзбекистанд л аялан тоглож дуулдаг байжээ. Харин энэ дуу гарснаар хамтлагийн нэр хүнд ЗХУ битгий хэл хуучин социалист орнуудад хит болж байсан юм. 1980-аад оны эхээр хамтлагийн тоглолт Орбитын сувгаар шөнө 00 цагт гарна гэх сургаар унталгүй хүлээж байж ахтайгаа хамт үзэж билээ. Аз болоход манай Эрдэнэт хотод Оросууд ихээр амьдардаг байсан нь Телевизийн суваг ялангуяа орбит тэгж орой болтол гардаг байсан хэрэг л дээ. Өглөө маш их баяр хөөртэй хичээлдээ явж билээ. 1994 онд хамтлаг албан ёсоор тарж ихэнх гишүүд нь АНУ-д амьдрахаар одоцгоосон гэж түүхэн дээр нь бичээстэй байна. Хайдаг хэрэг ээ.
18. Кино - Группа крови

Солонгос гаралтай Виктор Цой-г гол имижээ болгосон Ленинградын алдарт Кино хамтлаг дээр өгүүлсэнхлэн ЗХУ-н нэгэн хэвэнд цутгачихсан юм шиг бусад рок хамтлагуудаас арай л өөр өнгө төрхтэй байсан гэдэг. Дуулж буй дууных нь үг, найруулга энэ тэр нь тэр үедээ л эсэргүү мэт сонсогдож байсан авч ард түмэн ялангуяа шинэ өсвөр насны залуудын маш том дэмжлэгийг авч байжээ. Зөвлөлтийн үеийн эстрад сонирхон сонсдог бүх хүмүүс энэ хамтлаг хийгээд Виктор Цой-н тухай мэддэг учраас ингэсгээд зогсьё. Тэрээр 1990 онд автомашины ослоор нас барсан юм. Миний бодлоор түүнийг хорлосон байж болох х хар тамхи татдаг байсан түүнийг амиа хорлосон гэж үзэх хүмүүс ч байдаг юм билээ.
19. София Ротару - Айст на крыше

Украйн, Молдов, болон ЗХУ-н ардын жүжигчин агуу дуучны энэ дууг бид сургуулийнхаа урлагын үзлэгээр дуулж байсан юм. Манай ангийн орос хэлний багш Энхжаргал (Эрдэнэт хот. 4-р 10 жил) бидэнд энэ дууг зааж өгөхөөр тэр үед хичээлийнхээ батлагдсан төлөвлөгөөг өөрчлөн маш зоригтойгоор орж байсныг санаж байна. Нэгэн өглөө жижигхэн пянз тоглуулагч барьсаар орж ирэн шууд л энэ дууг тавиад үгийг нь самбар дээр бичээд эхэлж билээ. Дуу хөгжим ихэд сонирхон сонсдог байсан надад энэ хичээл их таалагдсан учраас ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд Монголоор орчуулан тайлбарлан өгч билээ. Би энэ хичээлийн дараа өрөв тас хэмээх шувууны тухай номын санд орж уншиж байснаа санаж байна. Бидний дунд үнэхээр хит болж байсан гайхалтай дуу шүү.
20. Стаса Намина - Мы желаем счасьтя вам

Цветы хамтлагт тоглож байхдаа удирдлагатайгаа муудалцсаны улмаас ЗХУ-н Соёлын Яамнаас банга хүртэн хамтлагийнхаа нэрийг ашиглан уран бүтээл хийх эрхээ хасуулж байсан нөхөд гандан бууралгүй энэхүү хамтлагаа байгуулан олонд ихээр түгсэн уг дуугаараа буцаж ирснээ зарлаж байсан түүхтэй. Тэр үеийн залуучууд энэ дууг сайн санаж байгаа биз ээ. Бараг л бидний амны уншлага юм шиг л дуулагдаж байсан. Анх гарсан даруйдаа бас л цензурт орж хориглогдож байсан бөгөөд дөнгөж 1985 онд л энэ дууг олон нийтэд дамжуулахыг зөвшөөрч байсан гэдэг. Ингээд бодохоор их л том асуудалд орооцолдож байгаа юм. Ёстой л даравч далдайна гэдэг шиг л болж дээ.
21. Игорь Николаев - Мельница

Хөгжмийн зохиолч, дуучин энэ хүнийг манайхан бүгд л мэдэх билээ. 1980, 1990-ээд оны ЗХУ, ОХУ-н хөгжмийн магнат гэж хэлж болно. Алдарт Алла Пугачевагийн дууг зохиож байсан (Алла Пугачева - Айсбэрг) гэж бодохоор ямархан түвшний хөгжмийн зохиолч байсан нь тодорхой. Та бидний сайн таних украйн гаралт Наташа Королева-тай ханилан амьдарч түүний хөгмийн амьдралд үнэлж баршгүй том хувь нэмэр оруулсан ч олон жилийн идэвхтэй амьдралынхаа дараа тэд салсан нь харамсалтай. Гэхдээ хамтран хэд хэдэн сайхан уран бүтээл хийж байсан нь бидний дараа дараагийн нийтлэлүүдэд орно гэдгийг амлаж байна.
22. Юрий Антонов - Крыша дома твоего

Хөгжмийн зохиолч, дуучин Юрий Антонов энэ дуугаа 1983 онд Мелодия студид анх бичүүлжээ. Мэдээж гарсан даруйдаа хит болон түгж улмаар оны сүүлчээр анх Песня 83 финалын шатны нэвтрүүлэгт уригдан оролцож байжээ. 1985 онд Финландын дуу бичлэгийн студи түүнийг урьж дуунуудаа англи, орос хэл дээр дуулж бичүүлэхийг санал болгосноор хэсэг хугацаанд тэнд амьдарч байжээ. Тэрээр уран бүтээлээ цаашид амжилттай үргэлжилүүлсэн бөгөөд ихэнх дууныхаа аяыг өөрөө зохиодог байжээ. Бидний сонсож буй энэ дуу Зөвлөлтийн алдарт хүүхэлдэйн кино Ну Погоди-д чонын дүрд дуу оруулагч Папановын дуулснаар гардаг.

80 оны хитүүд 2



NKOB – Tonight

Хөвгүүдийн хамтлаг (Boy Band) гэх нэр томьёог бий болгосон дэлхий дахинд нэрд гарч байсан анхны хамтлаг бол яахын аргагүй New Kids On The Block. Ялангуяа 1990-ээд оны эхэн үеийн залуус маань сайн мэдэх билээ. Хамтлаг маань анх 1984 онд байгуулагдаж арван жилийнхээ ойд буюу 1994 онд тарж байжээ. Тэднийг залгамжилсан маш олон хөвгүүдийн гэх тодотголтой хамтлагууд 1990-ээд онд гарч нэлээд нэрд гарч байсан ба тэдний тухай 1990-ээд оныг хамрах бидний цуврал нийтлэлд орох болно оо. Хамтлаг маань эргэн нэгдэж олонд түгсэн хит дуунууд гаргахаар оролдож байсан авч нэг нь ч амжилттай болж байгаагүй юм байна. Нэлээд сүүлээр Америкийн бас нэг хөвгүүдийн хамтлаг болох Backstreet Boys-той хамт тоглолт хийж байсан тухай тэдний түүхэнд өгүүлсэн байна.
A-Ha - Take On Me

Норвегийн алдарт хамтлагийн энэ дууг бид бүгд сайн мэднэ ээ. Хамгийн гайхамшигтай нь дууныхаа клип-ийг видео болон харандаан зургийн хослолыг ашиглаж хийлгэсэн нь тухайн үедээ их л шинэлэг сэдэл болж нийт видео төрлийн 6 шагналыг авснаас гадна MTV Music Awards-д шилдгээр тодорч байжээ. Мэдээж дуу маань ихэнх орны хитэд дээгүүр байрт бихигдэж байсан. Яах аргагүй 80-аад оны рок попын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн алдартай дуу билээ. Бидний цаашдын нийтлэлд тус хамтлагын дуулсан бас нэгэн дуу орохоор төлөвлөгдсөн буй.
Rick Ashtley - Never Gonna Give You Up

Английн соло дуучин маань энэхүү дуугаараа олон орны хит жагсаалтыг тэргүүлсэн байна. Удаан хугацаанд уран бүтээл туурвиж байгаагүй ч түүний дуулсан хэдхэн дууг тухайн үедээ шуугиулаад өнгөрсөн байдаг. 1993 онд тайзнаасаа буухад түүний цомогууд нийт 40 сая хувиар борлогдсон байдаг. Муугуй шүү.
Kylie Minogue - I Should Be So Lucky

Австралийн телевизийн савангийн дуурь хэмээн бидний нэрлэж заншсан олон ангит кинонд тоглодог авьяаслаг нэгэн жүжигчин байжээ. Азтай гэмээр явдал болсон нь түүнийг Английн хөгжмийн продюсер анзаарч нэгэн дуугаа өгч дуулуусан нь олон оронд хит болон нэрд гарчээ. Түүнээс хойш тэрээр нэг хэсэгтээ л поп урлагын замаар замнасан гэдэг. Тэрээр Английн залуу дуучин Jason Donovan-тай хайр сэтгэлийн холбоотой болж улмаар түүнтэй ханилсан гэдэг. 1990-ээд оны эхэн үе хүртэл амжилттай байсан тэд нэг л өдөр чимээгүйхэн тайзнаасаа буусан байдаг. Харин Kylie Minogue 2000 оны эхнээс дахин тайзнаа гарч ирэн хэд хэдэн хит болсон дуунууд гаргаад байгаа билээ. Харамсалтай нь 1980-аад оны нэрт поп дуучдын хамтын амьдрал 10 гаруй жилийн дараа салалтаар төгсчээ.
Одоо хамтдаа түүний нөхөр байсан Jasno Donovan-ний дуулсан нэгэн дууг үзье! Тэрээр бидний дунд бас л нэрд гарч байсан алдарт дуучин гэдгийг сануулах илүүц биз ээ.
Jason Donovan - Every Day

Kim Wilde - You Came

Kim Wilde дуулсан дуу бидний өмнөх нийтлэлд орж байсан билээ. Энэ удаад бид түүний дуулсан олон оронд хит болсон дууг оруулж байна. 1988 онд попын хаан Michael Jackson-ны Европын орнуудад хийсэн тоглолтын туршид түүнийг дагалдан энэхүү дууныхаа сингл цомогийг сурталчилж явсан нь ийн амжилтанд хүрэх шалтгаан байсныг үгүйсгэхгүй.
Pet Shop Boys – Rent

1987 оны 11 сарын 30-нд Германы Мюнхен хотод болсон Peter’s Pop Show дээр анх дуулагдсан цагаасаа л бидний дунд үнэн хит болж байсан. Та бүхэн санаж буй бол Зөвлөлтийн Орбит сувгаар анх гаргасан бөгөөд маргаашнаас л эхлэн шоуны тухай нэг хэсэгтээ шуугиж байсан билээ. Английн поп дуо энэ хамтлагийн уран бүтээл бидний цаашдын уран бүтээлд орсоор байх болно.
Michael Bedford - More Than A Kiss

Euro Disco чиглэлээр Германчууд ид ноёлж байх үед продюсер Axel Breitung Ирландаас нэгэн дуучин урьж авч ирэн энэхүү дууг дуулуулжээ. хуучнаар социалист орнууд байсан зүүн европын орнуудад ихэд нэрд гарсан байдаг. Бодвол Чехсловак, Польш эсвэл зүүн Германд сурдаг байсан тэр үеийн оюутнуудаар дамжин бидэнд түгсэн байх.
Modern Talking - Heaven Will Know

Тэдний 2 дах цомог болох Let’s Talk About Love-д багтсан нэгэн дууг та бүхэндээ хүргэж байна. 1985 онд болсон Германы Peter’s Pop Show-д энэ дуугаараа оролцож байжээ.
Blue System - Love Suite

Dieter Bohlen-ны Blue System хамтлагтай дуулсан нэгэн хит дууг та бүхэн сонсож байна. Америкийн Billboard хит жагсаалтад орох нь түүний мөрөөдөл байсныг та бүхэн бидний өмнөх дугааруудаас мэдэх билээ. Тиймдээ ч хашир Америк руу үе үехэн аялдаг байжээ. Нэг удаагийнхаа аялалыг Florida мужын нэрт Miami Beach-д амрангаа энэ дууныхаа клипийг хийлгэсэн байдаг.
Savage - Only You

Италийн дуучин, бизнесмэн Roberto Zanetti Savage хэмээх нэрийн дор хэд хэдэн дуу дуулж бичүүлсэн нь 1980-аад оны үед ихэд дэлгэрч байжээ. Italo Disco төрлөөр уран бүтээлээ туурвиж байсан дуучин маань өөрийн студийг байгуулж, бизнесийн салбарт хөл тавьснаар өөрөө дуулахаа байж харин нэлээд хэдэн нэртэй дуучид төрүүлэн гаргасан байдаг.
Gazebo - I Like Chopin

Сан Ремо хөгжмийн наадамд эгшиглэж байсан Италийн дуу хөгжмийн түүчээг Gazebo-н энэхүү дуу 1980-аад оны дунд үест үргэлжлүүлсэн байдаг. Зуны амралтаар ажилладаг пионерийн зуслан дээр энэ дуу явдаг байж билээ. Уянгалаг энэ аянд диско ч бүжиглэж болно. Эсвэл таалагдсан охиноо уриад хамт бүжиглэж ч болдог эвлэгхэн дуу. Энэ дуутай хамт пионерийн зусланд өнгөрүүлсэн мөчүүд эргэн дурсагддаг юм.
Европоос эхлэлтэй эдгээр дуунууд талын Монголд маань ид хүчээ авч байх тэрхэн агшинд Англи, Америкийн поп дуунууд дэлхийд хит болон дуулагдаж байсан нь мэдээж. Тэр олон дуунуудаас бидний мэдэх, тэр үед сонсож байсан дуунуудаас түлхүү оруулахыг Эргэн Дурсахуй нийтлэлийн хамт олон хичээн ажиллаж буй билээ.
1980-аад оны урлагын ертөнцөд өөрийн стиль, бүжиг, дуу хөгжмөөрөө ид мандаж байсан Madonna-н нэгэн сайхан дууг энэхүү цомогтоо оруулж байна. Саатан сонсоно уу.
Madonna - La Isla Bonita

Roxette - She's Got The Look

Энэхүү нийтлэлээс эхлэн Шведийн алдарт хослол хамтлаг Roxette-н уран бүтээлээс орж байна. Бидний цаашдын нийтлэлд хамтлагын хит болсон дуунууд багтах болно.
Үнэндээ бол 1990-ээд оноос эхлэн Монголчуудын дунд хит болсон дуунуудаараа танигдаж эхэлсэн билээ. Бидний сонсож буй дуу маань 1989 онд зохиогдож дуулагдаж эхэлж байсан учрааас 1980-аад оныхоо шилдэг түүвэрт багтаасан болно. Хамтлагийн эмэгтэй дуучин маань 1995 онд Шведийн амжилттай нэгэн бизнесмэнтэй ханилж үр хүүхэдтэй болсноор нэг ёсондоо тэтгэвэрт гарсан гэж болно. Хамтлаг маань 1990-ээд дунд хүртэл үнэхээр алдартай байж чадсан билээ.
U2 - I Still Haven't Found What I'm Looking For

Ирландын алдарт энэ хамтлагийг бүгд л мэдэж байгаа биз дээ. 1980-аад оны залуусын сонсох дуртай хамтлагын нэг бол яах аргагүй мөн. 2010 онд хамтлаг Las Vegas хотын Sm Boyd стадионд тоглолтоо хийсэн юм. Тоглолтыг үзэх санаатай очсон авч хүмүүс 2 өдрийн өмнөөс ирээд стадионы гадаа очер авч хонодог юм билээ. Бүр хөнжил гудастайгаа шүү. Амьдралдаа анх удаагаа л ийм юм харсан. Хоол хүргэж өгдөг үйлчилгээ үзүүлэгч компаниуд ёстой нэг хийж үзээгүй орлогоо хийсэн тухай шуугиж байсан юм даг. Ийм л алдартай хамтлагийн дуу маань бидний цомогт багтсан байгааг хүлээн авна уу.
Эргэн Дурсахуй цуврал нийтлэлийн хамт олон бид дэлхийн хит дуунуудыг үе үеэр нь ангилж, улмаар Монголчууд бидний дунд дэлгэрч байсан хамтлаг дуучдыг түүвэрлэн авч цомог болгон бэлтгэхээс гадна бидэнд хадгалагдан ирсэн хуучны пянз, кассет, СD, нэрт хамтлаг дуучдын түүх, уран бүтээлийг сонирхон судалж байсан бидний арвин туршлага, дуу хөгжимд дуртай олон хүмүүсийн дурсамж зэрэгт үндэслэн нийтлэлүүд маань бичигдэж байдгийг та бүхэнд дуулгах нь зүйтэй болов уу. Хэдийгээр бид видео түгээлтийн дэлхийн номер нэг site болох youtube.com дээр тавигдсан видеонуудыг (ихэвчлэн гадаад дуу) ашиглан цомогт багтсан дуунуудаа та бүхэнд хүргэж байгаа ч студид бүх дуунууд маань аудио хэлбэрээр буюу бидний хэлж заншсанаар мр.3 файлаар хадгалаастай байдаг билээ. Гэртээ эсвэл машиндаа үргэлж сонсохыг хүсвэл бидэнд хандаж эх хувиар нь авч болохыг дуулгая. Бидэнтэй

Наяад оны ЗХУ-ын эстрад



Жалбуугийн Пүрэвдаш (Лас Вегас)
Хүүхэд насандаа сонсож өссөн дуу хөгжим, түүнтэй хамт та бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн сайхан дурсамжыг сэргээж, зөвхөн баяр баясал, аз жаргал бэлэглэж байдаг Эргэн Дурсахуй цуврал нийтлэлүүд маань та бүхэнд таалагдаж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Хүүхэд насандаа хийж буй бидний аялал 1980-аад онд үргэлжлэн хүрч байна.
Амласан ёсоор өнөөдрийн нийтлэлээ 1980-аад онд хит болж байсан Зөвлөлтийн эстрад дуу хөгжмийн цомгийн танилцуулгаар бэлтгэлээ. Энэ үест шинээр төрөн гарч ирж байсан Зөвлөлтийн олон хамтлаг дуучдын дунд Euro Disco стиль ноёлж байсныг дурдах хэрэгтэй.
Ингээд бидний эхний зочин бол мэдээж Алла Пугачева. Орос орондоо адал явдалтайхан шиг амьдарч байгаа амьд домог энэ хүний уран бүтээл, түүхэн замналын тухай бичнэ гэвэл барагдашгүй биз ээ. Аз болоход бид бүхэн энэ хүнийг сайн мэдэх бөгөөд Эргэн Дурсахуй цуврал нийтлэлийн 4-р дугаарт Арлекино хэмээх анхны шахуу алдарт дуугаараа оролцож байсныг санаж байгаа байх. Уншиж амжаагүй бол monhooj.blogspot.com хаягаар орж цуврал нийтлэлүүдийг бүрэн эхээр нь унших боломжтой. Тэнд өгүүлсэн түүхэн намтар дээр нь нэмж хэлэхэд А.Кац хэмээх Оросын зохиолч "Евреи. Христианство. Россия" гэдэг номондоо түүнийг Певзнер овогт евреи гаралтай гэж бичсэнийг Алла маань ташаа мэдээлэл хэмээсэн нь бий. Тэр үнэхээр евреи гаралтай юм болов уу?
За тэр гарал үүсэл ч яахав. Тэр бол ЗХУ-н Ардын жүжигчин (1991 онд авч байсан), ОХУ-н домог болсон Зөвлөлтийн эстрад урлагын түүхийг бичсэн алдартай дуучин яах аргагүй мөн. Ингээд хамтдаа түүний дуулж маш удаан хугацаанд хит болж байсан Игорь Николаевын хөгжим Айсберг-г үзье.
Алла Пугачёва - Айсберг

Түүний мөрөөдөл театрийн уран сайхны удирдаач, жүжгийн найруулагч болох байсан бөгөөд 1988 онд Театра песни хэмээх дуулалт жүжиг найруулан тавьснаар мөрөөдлөө биелүүлсэн байдаг. 1985 онд тэрээр Женщина, которая поет уран сайхны киноны гол дүрд тоглож бас нэгэн авьяасаа нээж байжээ.
Харин түүний хайртай охин Кристина Орбакайте ээжийнхээ нөлөөгөөр маш эрт урлагын тайзнаа гарсан байдаг. 1982 онд Пусть говорят хэмээх дуугаараа аль хэдийн нэрд гарч, улмаар 12-хон насандаа буюу 1983 онд Чучело хэмээх уран сайхны кинонд тоглож удам дамжсан авьяастай гэдэг нь тодорч байсан азтай бүсгүй. Харин дуулаачын мэргэжлээр сургууль дүүргэж 1990-ээд оны эхнээс мэргэжлийн түвшинд дуулж эхэлсэн байна. Ингээд хамтдаа түүний дуулсан Пусть Говорят дууг нь сонсьё.
Кристина Орбакайте - Пусть говорят

Лайма Вайкуле и Валерий Леонтьев - Вернисаж

Лайма Вайкуле болон Валерий Леонтьев нарын хослон дуулсан Вернисаж хэмээх энэхүү гайхалтай дууг 1980-аад оны Зөвлөлтийн дуу хөгжмийн алтан цомогтоо оруулж, та бүхэндээ хүргэж байна. Валерий Леонтьев-н тухай Эргэн Дурсахуй цуврал нийтлэлийн дугаар 4-т оруулсан бөгөөд уншиж амжаагүй хүмүүс monhooj.blogspot.com хаягаар орж цуврал нийтлэлүүдийг нэг дороос бүрэн эхээр нь шууд үзэх боломжтой.
Жирийн ажилчин ангийн гэр бүлээс гаралтай (Социализмийн үед нударган баян гэр бүлээс л гаралтай биш бол бүх юм сайн байсан) Лайма-ийн эмээ нь сүмд дуулдаг байсан гэдэг. Зөвлөлтийн Латви БНУ-н гаралтай үзэсгэлэнт бүсгүй маань 15 насандаа Паулс, Раймонд Вольдемарович-н (ЗХУ-н Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч) удирдлаган дор зохион байгуулагдсан өсвөрийн дуучин шалгаруулж авах уралдаанд оролцсон байдаг. Тэрээр 2004 онд гарсан Новые известия сэтгүүлд өгсөн ярилцлагдаа ийн дурсан ярьжээ.
"Это случилось в филармонии. Мне было 15 лет. В то время я занималась музыкой и пением у маэстро Заходника, а он работал с Раймондом Паулсом — распевал и ставил голоса певцам Раймонда. Учитель меня любил, считал, что я хорошо пою, поэтому и повёл на прослушивание к Паулсу. Помню, как я пела в тёмном филармоническом зале, было, наверное, часов шесть вечера, и вдруг сзади ко мне подошёл человек, похлопал по плечу и сказал: «Малыш, я тебя беру». Это и был Раймонд Паулс".
Тэр цагаас хойш түүний дуу Зөвлөлт бүү хэл хуучин социалист системд багтаж байсан зүүн европын орнуудад түгж байсан гэдэг. Тэгвэл хамтдаа түүний өөрөө зохиож дуулсан нэгэн сайхан дууг үзье!
Лайма Вайкуле - Еше не вечер

Кино - Когда твоя девушка больна

Виктор Цой хэмээх солонгос гаралтай дуучнаар имижээ хийсэн Ленинградын адарт Кино хамтлагийн тухай Эргэн Дурсахуй цуврал нийтлэлийн 4-рт багтсан билээ. Тэгвэл энэ удаад бид түүний дуулсан бас нэгэн хит дууг оруулж байна. Хүлээн авна уу!
Анне Вески - Позади крутой поворот

Зөвлөлт Холбоот Эстонийн БНУ-н Рапла хэмээх жижиг хотод төрж өссөн тэрээр дунд сургуулиа дүүргээд Политехникумын дээд сургуульд элсэн оржээ. Төгсөх жилээ Таллин хотын Мобиле хамтлагын урилгыг хүлээн авснаар дуучныхаа гарааг эхэлсэн байна. Удалгүй 1983 оноос эхлэн ганцаарчилсан уран бүтээл хийж эхэлсэнээр олонд танигдсан гэхэд болно. Социалист системийн орнуудад болдог байсан хөгжмийн наадам, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан бөгөөд 1987 онд манай Эрдэнэт хотод ирж тоглож байсныг аавтайгаа үзэж байсан юм байна. Түүнтэй хамт Валентина Легкоступова ирж ая дуугаа тухайн үеийн Зөвлөлтийн иргэдэд хүргэж байсан юм.
Ингээд Валентина Легкоступова-н дуулсан нэгэн хит дууг хамтдаа сонсоцгооё.
Валентина Легкоступова - Ягода-малина

Хабаровск-т төрж өссөн тэрээр Украины Симферополе хотын П. И. Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг дүүргэж улмаар Москва хотод эстрад дуулаачын ангид элсэн орсон байна. 1987 оны 1 сард гарсан бидний сонсож буй энэ дуу тухайн үедээ хит болж оны сүүлчээр Песня 87 шувтаргын шатанд орох эрх өвөртөлж байв. Цаашид Валентина дуулахаас илүүтэйгээр мэргэжлийн хөгжмийн чиглэлээр ажил төрөлж эрхэлж байсаар тэтгэвэртээ гарсан байна.
Александр Барыкин - Букет

арыкин, Александр Александрович 1970-аад оны эхнээс Зөвлөлтийн эстрад урлагт хүчин зүтгэж байсан юм байна. Весёлые ребята (1973—1976, 1979), Самоцветы (1976—1977), Жемчуг (1977- 1979) зэрэг Зөвлөлтийн эстрад урлагыг тодорхойлж байсан хамтлагуудад харьяалагдаж байгаад 1985 оноос ганаарчилсан уран бүтээл хийж байжээ. Түүний продюсерээр нь ажилласан Карнавал хамтлаг ОХУ-н нэртэй хамтлагын нэг болсон. Тэрээр ЗХУ-н томоохон гавьяа шагнал байхгүй ч ОХУ-н Гавьяат шагналтай юм байна.
Самоцветы - Али-Баба

Эрдэнэт хотын Горняк Соёлын Ордонд ЗХУ-н олон олон уран сайхны кино гардаг байсан. Василий Буслаев гэдэг Оросын баатрын тухай киног мөн ч их үзсэн дээ. Тэгж байтал Али Баба и 40 Разбойников гэдэг кино шинээр ирж найзуудтайгаа үзсэнээ санаж байна. Тэр мөчөөс эхлэн ЗХУ-н алдарт хамтлагийн дуулсан энэ дуу хэдэн өдрийн турш амны уншлага болсон. Самоцветы хамтлаг маань 1980-аад оны дунд хүртэл ЗХУ-н хамгийн алдартай хамтлаг байсан бөгөөд тэр үед шил шилээ даган шинээр төрж байсан диско стилийн хамтлагийн давалгаанд жаал дарагдсан ч тарж бутралгүй өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа билээ.
Игорь Николаев - Мастер и Mаргарита

ЗХУ болон одоогийн ОХУ-н нэрт хөгжмийн зохиолч, дуучин маань дуулахаасаа гадна Зөвлөлтийн маш олон хамтлаг дуучдын хөгжмийн продюсераар ажиллаж байсан. Бидний сайн мэдэх Игорь Склярийн Комарово, Аллагийн Айсберг гэх мэт бидний өмнөх нийтлэлд багтсан дуунуудын эзэн билээ. Гэвч 1986 онд Мельница дуугаа дуулсаар тайзнаа ил гарч эхэлсэн билээ. Алла Пугачевагийн Счастья в личной жизьни хэмээх цомогт нь нэмэлт дуу маягаар орж өөрийгөө бусдад таниулж эхэлжээ. Ингээд 1987 онд бие даасан өөрийн цомгоо гаргасан бөгөөд түүнийгээ Мельница хэмээн нэрлэжээ. Бидний сонсож буй дуу маань энэ цомогт нь багтжээ. Цомог надад хадгалаастай байгаа.
Александр Серов - Мадонна

Багa байхад нь аав нь салж явснаар ээжтэйгээ хоеулхнаа өссөн гэдэг. Tom Jones-н Delilah дууг анх сонссон цагаасаа эхлэн урлагын хүн болохоор уйгагүй зүтгэж хөгжмийн сургуулийн кларнетын ангид орсон гэдэг. Сүүлд тэрээр ОХУ-н гавьяат болон ардын жүжигчин цол шагналыг авсан байдаг.
Андреи Державин - Не плачь Алиса

1985 оноос Сталкер хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрээр 1980-аад оны сүүлчээр бусдын адил ганаарчилсан тоглолтыг илүүд үзэж байсан. Бидний сонсож буй энэ дуугаа хамтлагтаа байхдаа дуулан хит болж байсан ч, хамталгийнхаа цомогт оруулаагүй гэдэг. Харин 1990-ээд онуудад алдартай продюсер болсон байна. 1996 онд гаргаж байсан Журавли дуу нь Оросын хит дуугаар шалгарч байжээ. Хaрин 2000 оноос өөрийн хуучин хамтлаг Машина Времени-дээ нэгдсэн байна.
Веселые ребята - Розовые розы

1970-аад оноос зогсолтгүй уран бүтээлээ туурвин хуучнаар ЗХУ болон одоогийн ОХУ-н алдарт хамтлагийн нэгд зүй ёсоор ордог Веселые Ребята хамтлаг маань 1980-аад онуудад бүрэлдэхүүндээ зоримог өөрчлөлт оруулан дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Euro Disco чиглэлээр уран бүтээл туурвиж ирсэн байдаг. Бидний сонсож буй дуу маань тэдний нэг бөгөөд Оросын сая сая иргэдийн одоо ч сонсох дуртай дуу болон эгшиглэсээр байна. Саатан сонсоно уу.
София Ротару - Луна, луна

Алдарт Аллатайгаа зэрэгцээд л гандан бууралгүй үзэж тарсан цөөхөн хэдэн эмэгтэй дуучдын нэг Молдов үндэстэн (түүний эцгийг Украйн гаралтай гэсэн байдаг) София-н хит болсон олон дуунууд 1980-аад онуудад эгшиглэж байсныг бид сайн мэднэ ээ. Европоос түрэн орж ирсэн диско стилээр дуулахгүй байж хараахан чадаагүй ч, харин ч амжилттай байж нэгэн дуугаа олны дунд хит болгож чадсан нь гайхалтай. Зоримог алхам шүү. Та бүхэн Алла Пугачева Диско дуулж байна гээд л төсөөлөөд үз л дээ...
Форум - Белая ночь

Социализмийн үед Зөвлөлтөд суралцаж байсан оюутан залуучууд Ленинградын алдарт цагаан шөнийг үзэхээр их очдог байсан биз ээ. Үүний бэлэг тэмдэг болсон Форум хамтлагийн Цагаан шөнө буюу Белая Ночь дуу 1980-аад оны Монголын залуучуудын дуулах дуртай дууны нэг байсан. Хэдийгээр хамтлаг маань цаашид оршин тогнож чадаагүйч цэвэр Орос стилийн уянгалаг дуугаа таалан соёрхно уу.
Женя Белоусов - Девчонка, девчонечка

1980-аад оны Зөвлөлтийн поп буюу бидний хэлж заншсанаар эстрад урлагын нэрт төлөөлөгч Женя Белоусов Харьков хотод төрсөн ч Курск хотод өсөж торнижээ. Дунд сургуульд байхаасаа л урлагт дуртай нэгэн байжээ. Тэрээр сургуулийнхаа хамтлагт басс гитар тоглож байсан байна. Хaрин сургуулиа дүүргээд Сантехникийн слесарь болсон байдаг. Ажлынхаа хажуугаар хотынхоо нэгэн хамтлагт басс гитаараа тоглон дуулж байхыг нь тухайн үед нэрд гарч байсан Интеграл хамтлагийн ахлагч олж харжээ. Эвлэгхэн дуулдаг залуухан хархүүг ивээлдээ аван хамтарч ажилласанаар тэрээр нэрд гарсан юм. Анх 1987 оны 7 сард Алеша хэмээх дуугаараа Утренняя почта нэвтрүүлэгт оролцож байсан байна. Тэрээр хар багаасаа толгойн өвчтэй байсан нь даамжирч явсаар 1997 онд хүндхэн мэс засалд орж түүнийгээ дийлэлгүй хорвоог орхисон байна. Хэдийгээр түүний амьдрал зуурдын байсан ч тэрээр сая сая ардын хайртай хүү болж чаджээ. Ингээд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн бидний дунд хит болж байсан нэгэн сайхан дууг нь хүлээн авч үзье.
Женя Белоусов - Девочка моя синеглазая

Комбинация - Бухгалтер

1980-аад онуудад Зөвлөлтийн хамтлаг дуучдын дунд ид моодонд орж байсан диско стилээр уран бүтээлээ туурвих нь элбэг байсныг дээр цухас дурдсан билээ. Борооны дараах мөөг шиг шил шилээ даран гарч ирж байсан хамтлагуудаас өөрсдийн өвөрмөц стиль, ур чадвараараа ялгарч чадсан цөөхөн хамтлагын нэг бол Комбинация. Ялангуяа бидний сонсож буй энэ дуу тэдний хамгийн алдартай нь билээ.
Ласковый Май - Белые розы

Өнчин хүүхдүүдийн асрах төвөөс бүх Холбоотын хийгээд одоогийн ОХУ-н домогт дуучин болтлоо өсөж өндийсөн түүний намтар их сонирхолтой. 1986 онд Оренбургийн өсвөр насны хүүхдүүдийн төвд шилжин очоод удаагүй байхдаа хөгжмийн ангийн багшийн магнитафоньд энэхүү алдарт дуугаа гитартай дуулан бичүүлжээ. Тэрээр асрах төвийнхөө хамтлагийн гоцлол дуучин болсон нь тэр байжээ. 1988 онд Андреи Разин (богинохон хугацаанд ЗХУ-н Соёлын Яамны дэргэдэх дуу хөгжмийн Рекорд студийн менежер хийж байсан) дууг галт тэргээр аялж байхдаа анх удаа олж сонссон гэдэг. Дуулсан эзэн нь хэн бэ гэсэн түүний эрэл Оренбургийн хүүхдийн асрах төвд авч иржээ. Гэвч дууг дуулсан эзэн маань байсангүй. Оргосон гэсэн ганцхан хариулттай буцжээ. Бараг мардагдах шахаж байхад түүнийг багш нь хөтөлсөөр Москвад авч ирсэн байна. Ингэж л түүний од гийсэн юм байна. За за олныг нуршилгүй түүний бас нэгэн сайхан дууг сонсоцгоое.
Юра Шатунов - Лето

Маки - Так случилось

Красные ма́ки нэрээр анх 1970-аад оны сүүлчээр байгуулагдаж байжээ. Харин та бид энэхүү хамтлагийг 1988 онд гаргасан Одесса цомгоор нь сайн мэдэх билээ. Бидний сонсож буй дуу тухайн үед жинхэнэ бут авсан байдаг. Энэхүү цомог пянз одоо ч надад хадгалаастай байгаа. Германы алдарт Modern Talking хамтлагийг дуурайсан гэх мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөж байсныг эс тооцвол Зөвлөлтийн эстрадын түүхэнд алтан үсгээр бичигдэх хамтлаг яах аргагүй мөн билээ. Ингээд тэдний дуулсан бас нэгэн сайхан дууг хүлээн авч үзье!
Группа Маки - Расскажи, расскажи

2 Chainz - I"m Different [2012]


ЭРГЭН ДУРСАХУЙ - Part 2 ДИСКО, ДИСКО



1970-аад онд бидний аав ээж, ах эгч нарын маань сонсож ирсэн гадаадын шилдэг хамтлаг дуучдын хит болон тэргүүлж байсан дууны талаарх хөгжим мэдээллийн танин мэдэхүйн анхны нийтлэл маань та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь IPad болон IPhone-нд формат таарахгүй байгаагаас үүдэн дууг уншихгүй байгаа тул та бүхэн өөрийн суурин РС-нээс манай нийтлэлийг уншихыг хүсье.

Энэ удаагийн нийтлэл маань 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхэн үеүүдэд дуу бүжгийн шинэлэг урсгал болох Discoteque чиглэлээр дуулж, уран бүтээлээ туурвиж байсан хамтлаг дуучдын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Анх 1970-аад оны сүүлч үеэс хамтлаг дуучид Диско чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Америк, Канадаас эхлэлтэй тус хөгжмийн урсгал тухайн үеийн залууст ихэд таалагдаж, түүний хэмнэлд тохирсон бүжиг хүртэл дэглэн энд тэнд олноороо цугларан бүжиглэдэг байжээ. Түүгээр ч үль барам олон хотод диско клубууд нээгдэж, олон өнгөөр гэрэлтсэн бүжгийн талбайд залуус ёстой солиорох шахам бүжиглэдэг байснийг одоо ч амьдарч буй 40, 50-аад насныхан дурсан ярьдаг. Харин манай оронд 1980-аад оны дунд үеэс эхлэн залуучуудын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд ихэвчлэн гадаадад суралцдаг байсан (тухайн үед манай залуучууд хуучин социалист орнуудад олноор суралцдаг байсан) оюутнуудаар дамжуулан мэдээлэл авдаг байжээ. Тэд зуныхаа амралтаар ирэхдээ ид моодонд орж байсан хамтлаг, дуучдын пянз, кассет олноор авч ирж сонсдог байсан нь бидэнд нөлөөлсөн биз ээ. Бага ангийн сурагч байсан би вээр ахынхаа авчирч өгсөн хэдхэн пянзыг үхтэлээ харамладаг байж билээ. Учир нь тухайн үед юм ховор байсан болоод ч тэр үү гол гаргана гэж нэг айхтар юм байсныг та бид юу эс андах билээ. Энэ талаар нийтлэлийнхээ явцад оруулахаар бэлтгэсэн бөгөөд ингэсгээд зогсьё.

1970-аад оны сүүлчээс эхлэн 1990-ээд оны эхэн хүртэл буюу хүний амьдралын бүхэл бүтэн нэг үеийн туршид эгшиглэж байсан Disco дуу хөгжмийг урлаг судлаачид чиглэл, урсгалаар нь нийт 3-н үе шатанд хуваан үздэг юм байна.

1. Classic Disco.

Хөгжлийн үе шат нь 1970-аад оны сүүлч, 1982 он хүртэл. Гол төлөөлөгчид нь Bee Gees, Arabesque, Boney M, Ottawan, Village People, ABBA гэх мэт өдгөө классик болсон хамтлаг дуучид багтаж байна.

2. Italo-Disco

1982 оноос эхлэн Италийн зарим хамтлаг дуучид хөгжмийн найруулгадаа synthesizer, цахилгаан бөмбөр мэтийг оруулснаар тухайн үедээ шинэлэг хөгжмийн дуугаралтыг бий болгож, залуусын сонсох дуртай хөгжим болсноор зарим нэртэй DJ нарын хөгжмийн найруулгадаа ашигладаг дуртай хэрэгсэл нь болсон юм. Гэвч удалгүй олны зүгээс амьд хөгжим тоглохгүй байна, хөгжмийн фэнүүдийг хууран мэхэлж байна гэсэн шүүмжлэлд их өртөх болсноор аажмаар зогссон гэдэг. Synthesizer болон цахилгаан бөмбөр ашиглан дуулсан Итали, Испани зэрэг олон орны дуучид, хамтлагууд маш олон байдаг бөгөөд гол төлөөлөгчид нь Joy Peters, London Boys, Valerie Dore, Gazebo, Ryan Paris, Grant Miller, Radiorama, Savage гэх мэт бөлгөө.

3. Euro-Beat Disco

1985 оноос эхлэн хөгжсөн диско төрлийн энэхүү урсгал нь анх Германчуудаас дэлгэрч улмаар бүх дэлхийд түгнэ гэдгийг тухайн үед хэн ч тааварлаагүй байх. Одоо ч амьд сэрүүн буй алдарт Modern Talking хамтлагийг үндэслэгч Германы номер нэг хөгжмийн ертөнцийн магнат Dieter Bohlen Италичуудын хэрэглэж эхэлсэн Synthesizer болон цахилгаан бөмбөр дээр уламжлалт амьд хөгжим нэмж оруулан илүү түргэн хэмнэлттэй болгож өгснөөр Евро Диско жинхэнэ утгаа олон хөгжсөн гэж үзэж болно. Энэ төрлөөр нэрд гарсан хамтлаг дуучид голдуу Герман, Австри, Голланд зэрэг орнуудаас төрж гарсан байдаг нь Германчууд санаачлагыг гартаа авч дэлхийд тэргүүлэх болсонтой холбон тайлбарлаж болно. Гол төлөөлөгчид нь Laura Branigan, Modern Talking, C.C.Catch, Sandra, Joy, Bad Boys Blue, Silent Circle, Fancy гэх мэт та бидний сайн мэдэх хамтлаг дуучид яах аргагүй мөн.

Дээрх бүх чиглэл урсгалыг нэгтгэн 2000 оноос эхлэн ерөнхийд нь Euro Disco хэмээн нэрийдэх болжээ. Ингээд олныг нуршилгүй Disco чиглэлээр бичиж буй энэхүү нийтлэлийнхээ эхний хэсгийг та бүхэндээ толилуулж байна. Энэ бол Classic Disco.

Диско хөгжмийн урсгал АНУ, Канадаас эхлэлтэй талаар дээр цухас дурдаад өнгөрсөн билээ. Тиймээс хамтлаг дуучдын танилцуулгаа тэднээс эхэлсэн нь зүйтэй гэж үзлээ. Тэргүүлэх байр сууриа Европчуудад алдах хүртлээ АНУ-д диско хэмнэлт дуу хөгжим маш хурдацтай хөгжиж, дуучид, хамтлагууд гайхалтай амжилтад хүрч байсныг тухайн үеийн түүхээс харж болно. Энд нэг сонирхолтой жишээ татахад АНУ түүхэндээ ганцхан удаа 1980 онд Best Disco Recording Award хэмээх шагналыг Gloria Gaynor-н I Will Survive дуунд нь өгчээ.

1. Gloria Gaynor - I Will Survive

Азтай ч гэмээр, алдартай ч гэж болох Gloria Gaynor гэгч чухам хэн байсан юм бол.

АНУ-н Нью Жэрси мужаас гаралтай тэрээр 1960-аад онд jazz/pop стилийн Soul Satisfiers гэдэг хамтлагт дуулдаг байжээ. Нэлээд сүүлд буюу 1975 онд эрс шинэчлэгдэж диско стилийн хэмнэлээр дуулж эхэлсэн нь түүнийг хоромхон хугацаанд нэрд гаргасан гэдэг.Never Can Say Goodbye цомогт нь орсон Honey Bee, Never Can Say Goodbye болон Reach Out, I'll Be There хэмээх 19 минутын туршид зогсолтгүй үргэлжлэх дуунууд нь тухайн үеийн диско клубуудэд эгшиглэж, залуучуудыг ёстой нэг доргиож байсан аж. Тэгээд ч түүнийг диско стилээр дуулсан хамгийн анхны дуучин хэмээн албан ёсоор өргөмжилдөг юм байна. Харин 1978 онд гаргасан Love Tracks цомогт нь багтсан бидний хамгийн эхэнд сонссон I Will Survive хэмээх дуу нь түүнийг хоёр дахиа алдрын оргилд хүргэжээ. Эмэгтэйчүүдийн хамгийн их сонсох дуртай дуу гэж хэлж болно. Найз залуудаа хаягдсан нэгэн бүсгүй сэтгэлээр уналгүй энэ бүхнийг даван туулах чадвартайгаа бусдад илтгэж байгаа утга санаатай энэхүү дууг зовлонд унасан маш олон бүсгүйчүүд өнөөг хүртэл дуулж, урам зориг авдаг гэсэн шүү. Тэгээд бодохоор үнэхээр классик юм гэж бодохоос өөр аргагүй.

2. Village People - YMCA

Burger хэмээх талхан дунд хавчуулсан махыг гол хоолоо болгон өдөр шөнөгүй шахам идэж заншсан Амеpикчуудын дунд таргалалт хэмээх айхтар асуудал 1970-аад оноос илт мэдрэгдэж эхэлсэн гэдэг. Тиймээс түүний эсрэг чиглэсэн компанит ажил энд тэндгүй өрнөж зарим компаниуд энэ чиглэлийн бизнест үйл ажиллагаагаа идэвхжүүлж байсны тод жишээ бол нэгэн зэрэг олон муж улсуудад үүдээ нээж байсан Y.M.C.A спорт цогцолбор билээ. Ялангуяа залуучуудыг спортоор өргөнөөр хичээллэхийг уриалж байсан тус пүүсийн удирдлагууд сурталчилгаандаа нэгэн өвөрмөц арга олжээ. Энэ нь тухайн үед залуучуудын дунд ид моод болж байсан диско чиглэлийн дуу бүжгийг хослуулсан уран бүтээл хийж, нэртэй хамтлагаар дуулуулж, хүмүүсийг уриалан дуудахад оршиж байв. Ингэж Village People хамтлагийн Y.M.C.A хэмээх өнөө ч хүмүүс амандаа аялсаар явдаг нэгэн диско дуу төрсөн түүхтэй. Энэхүү дуу 1978 онд Америкт төдийгүй, Европ, Ази тивд ч цуурайтаж тухайн үеийн топ хит дуу болж байжээ. Харин та спортоор хичээллэж эхлэхээ мартав аа.

3. September - Earth,Wind & Fire

Хамтлаг 1969 онд АНУ-н Chicago хотноо байгуулагдаж байжээ. Гэвч тэд 1970-аад оны дунд үеэс эхлэн олонд танигдаж эхэлжээ. Диско урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь ид моодонд орж байсан хөгжим, бүжгийн цоо шинэ чиглэлийг соргогоор мэдэрснийх биз ээ. Энд нэгэн гайхалтай мэдээ байна. 1980-аад оны эхэн хүртэл гаргасан тэдний цомог нийт 100 сая борлогдсон гэхээр ямар хэмжээнд нэртэй хамтлаг байсныг илтгэх буй за. Тус хамтлаг шинэллэг хөгжмийн дуугаралтыг гарган ураан бүтээлдээ ашиглаж байсан нь урлаг судлаачдын талархлыг одоо ч хүртсээр байгаа гэсэн шүү.

4. Donna Summer - Hot Stuff

1979 онд гаргасан Bad Girls цомогт нь багтсан энэ дуу Америкийн Billboard Chart-д тэргүүн байр эзэлж, улмаар дэлхийн олон орны диско клубүүдэд эгшиглэж байсан алдартай дуу билээ. Энэхүү дуугаараа Donna Summer Grammy Awards шагнал хүртсэн нь африк гаралтай, эмэгтэй хамгийн анхны дуучин болон бүртгэгджээ. Тэрээр диско чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан Америк тивийн хамгийн сүүлчийн дуучин гэж хэлж болно.

Үндсэндээ 1975-1980 оны хооронд асар богинохон хугацаанд диско хэмээгч дуу хөгжмийн хэмнэлтэт нэгэн урсгал тус тивд цэцэглээд хөгжих шатандаа мөхсөн юм. Учир нь Европын хамтлаг дуучид хүч түрэн гарч ирж, улмаар дэлхийг байлдан дагуулсан нь магадгүй тэдэнд ямар нэгэн сул орон зай үлдээгээгүй байх л даа.

5. Ottawan - D.I.S.C.O

Францын Ottawan хамтлаг энэхүү алдарт дуугаараа Discoteque Европт хүч түрэн орж ирснийг албан ёсоор зарлан тунхагласан гэж болно. Хэдийгээр Англи, Америкийн хитүүдээд тэргүүлж чадаагүй ч европ, латин америк, азийн бусад орнуудад супер хит болон эгшиглэж байсан. Хэдхэн дуугаараа хоромхон хугацаанд дэлхийг байлдан дагуулсан тус хамтлаг цаашид уран бүтээлээ хийсээр байсан бөгөөд хоорондоо ижил төстэй гэмээр дуунууд нь анхных шигээ байж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ тэдний дуунууд бидний зүрх сэтгэлд мөнх эгшиглэх болно. Нэгэн сонирхолтой мэдээг та бүхэндээ хүргэе. Эхлээд дараах дууг хамтдаа сонсоцгооё.

6. Parvati Khan - Jimmy Jimmy Jimmy Aaja

Тиймээ сайн санаж байгаа биз дээ. Энэтхэгийн алдарт Диско Бүжиглэгч гэдэг кино дээр дуулагдсан дуу. Хуучнаар ЗХУ болон бидний Монголчуудын дунд кинотойгоо л хит болсон үнэхээр олон дурсамжыг өөртөө шингээсэн кино гэдэгтэй маргах хүн гарахгүй. Миний мэдэхээр 1980-аад оны эхээр Монголчууд бид Энэтхэг киногоор ёстой нэг амьсгалж байсан гэхэд болно. Хойно сурдаг ах маань амралтаараа ирэхдээ домог шиг л үзсэн киногоо ярьж өгнө дөө. Би ч их дуртай байж билээ. Харин энэ дууг анхлан Ottawan хамтлаг маань дуулж, 1979 онд олон оронд хит болж байжээ. Хэдийгээр хуулбарлан дуулсан ч энэтхэгийн кино одын дуулснаар бидний зүрх сэтгэлд илүү тод хоногшин үлдэж дээ. Дуугаа анхны хувилбараар нь Ottawan-ны дуулснаар сонсож үзье. Сонирхолтой байгаа гэдэгт итгэж байна.

7. Ottawan - You're OK

Discoteque-г Европ тивд тунхаглан мөнхөд тус тивийн нэрээр нэрлэгдэх болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан Францын алдарт Ottawan хамтлагийнхаа тухай түүхэн дурсамжаа тэдний дуулсан нэгэн гайхалтай дуугаар өндөрлье.

8. Ottawan - Hands Up (Give Me Your Heart)

Бидний та бүхэнд хүргэж буй нийтлэл маань таалагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд нийтлэлийнхээ гол хэсэгт орцгооё. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр хуучин социалист системийн орнууд болон хуучнаар ЗХУ-д оюутан байсан ах нарын залуу зандан насных нь гэгээн дурсамжтай мөчүүдийг сэргээсэн тухайн үедээ бидний дунд үнэн хит болж байсан дуунууд одоо эгшиглэх гэж байна. Тухлан сууна уу.

9. Suzie Quatro & Chris Norman - Stumbling In

Та бидний сайн энэ дууг Smokie хамтлагийн solo дуучин Chris Norman, Suzi Quatro-тай хамтран дуулжээ. Chris Norman хамтлагаасаа тусдаа ганчаарчилсан уран бүтээл хийхээр оролдож байсны анхны тохиолдол байв. Англи, Америкийн хит жагсаалтад багтах нь дэлхийн ихэнх хамтлаг дуучдын тэмүүлэл байдаг бөгөөд тэнд үзүүлсэн амжилтаар тэдгээрийн чансааг дэлхийд үнэлдэг. Хэдийгээр энэ дуу Америкийн хит жагсаалтад дөнгөж 40 дүгээрт бичигдэж байсан ч, Англи болон зүүн европын бусад орнуудад тэргүүлж байсан. Диско чиглэлийн урсгалын тэргүүлэх байр сууриа Европчуудад алдсан нь Америкчуудад таалагдаагүй нь ойлгомжтой. Энэ цагаас эхлэн Америкийн Billboard Chart-д диско стилээр дуулсан Европын нэг ч хамтлаг дуучид багтаж байгаагүй харамсалтай түүх бий. Энэ урсгалаар уран бүтээлээ туурвиж буй өөрсдийн хамтлаг дуучдаа хэзээ ч диско төрөлд хамруулан тооцолгүй софт поп гэх мэт нэр томьёо ашигладаг болсон нь гайхмаар. Үзэл суртлын ийм л сонин цаг хугацаанд хүүхэд нас минь өнгөрч дээ, одоо бодоход.

10. Bonnie Tylor - It's A Heartache

Английн хэд хэдэн хамтлаг дуучид энэ дууг дуулсан байдаг ч Bonnie Tylor-н хувилбар хамгийн амжилттай нь болжээ. Хэдийгээр хитэд тэргүүлж байгаагүй ч хамгийн сонирхолтой нь Мексикийн жагсаалтад дээгүүр бичигдэн орж ирсэн нь Англичуудын хувьд анхны тохиолдол байсан байх. Энэ цагаас эхлэн европын диско чиглэлийн урсгалын дуу хөгжим латин америкийн орнуудад түгэн дэлгэрч эхэлсэн байдаг. Хэдийгээр Америкийн Billboard Chart европ тивийн диско давамгайлалыг илт дэмжихгүй байж, хит жагсаалтдаа оруулахгүй байсан ч яалт ч үгүй дэлхийн нийтийг байлдан дагуулж байсан Euro Disco латин америкийн хөгжмийн ертөнцөд түрэн орж ирсэн нь энэ билээ.

11. Smokie - Lay Back In The Arms Of Someone

Европ, Ази, Латин Америкийн орнуудад Smokie хамтлагийн цомгууд үнэхээр амжилттай борлогдож байжээ. 1979 онд гарсан энэ дуу социалист системийн орнуудад бүр сүүлд 1980-аад оны эхээр дэлгэрсэн байдаг. Болгарын Балкантон фирм-д хэвлэсэн тус хамтлагийн цомгийг сүүлд 1986 онд хуучнаар ЗХУ-н Мелодия дуу бичлэгийн студид дахин хэвлэж гаргасан нь бидний дунд түгэн дэлгэрэх эхийг тавьсан гэж хэлж болно. Гэхдээ Кргузорь сэтгүүлд тухайн үеийн шилдэг дуу хөгжмийн танилцуулга гарч байжээ. Тэнд хавчуулагдан ирдэг цэнхэр ялтсан пянзан дээрх дууг их сонсдог байсныг одоогийн залуучууд мэдэхгүй байх л даа. Ядаж байхад пянзан дээрх дуунууд нь танилцуулга төдий гүйцэд биш байдаг ч бидэнд өөр сонголт байдаггүй байсан юм шүү.

12. Bee Gees - Saturday Night Fever

The Bee Gees бол дэлхийн нийтийн хамтлаг. John Travolta-н тоглосон Saturday Night Fever киноны дуу. 1978 онд Hollywood-д хийгдсэн кинонд энэ дууг ашигласан нь санамсаргүй тохиолдол биш ээ. Дуу хөгжим, бүжгийн шинэ урсгалыг дэлхий нийтэд таниулсан агуу бүтээл болсон гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа биз ээ. Дуу хөгжим сонирхогч та бүхнийг энэ киног заавал үзэхийг хүсэж байна. Дэлхийн сая сая хүн уг киног үзсэн бөгөөд хамтлагийн сингл 120 сая борлогдсон үзүүлэлтийг рекорд гэхээс өөр юу гэхэв дээ. Бидний дараа дараагийн нийтлэлүүдэд амласан ёсоор хамтлагын хит болсон дуунууд багтаж байгааг дахин сануулахад таатай байна.

13. Boney M - Rivers Of Babylon

Jamaica аралаас гаралтай хар арьст дуучдаас бүрдсэн Boney M хамтлаг бүх цаг үеийн диско чиглэлийн уран бүтээл туурвиж байсан хамтлаг, дуучдаас хамгийн урт хугацаанд олон олон хит дуу дуулж байсанаараа алдартай. Монголын тал нутагт одоо ч эгшиглэсээр байдгийг саяхан би сумын төвийн ресторанд хооллохдоо мэдсэн. Тэнд энэ дуу эгшиглэж байсан шүү. Гайхалтай байгаа биз. 1978 онд гарсан энэ дуу Английн хитэд тэргүүлсэн ч Америк ах нар бас л үзэл суртлын хар гайгаар дээгүүрт оруулаагүй юм. Миний санаж байгаагаар 40-60 -р байранд давхиж байсан гэж Billboard Chart-н албан ёсны website-с харж байсан. Boney M хамтлаг Герман продюсертэй байснаас тус улсын нэрээр алдаршжээ. Өмнө нь Jamaica-н зарим хамтлаг дуучид энэ дууг дуулж байсан авч Boney M шиг дэлхийн нийтэд нэрд гаргаж чадаагүй. Магадгүй Герман продюсер-н менежментийн бодлогын үр дүн биз ээ. Тэгэхээр урлагын ертөнцөд продюсер ямар чухал үүрэгтэй болох нь тодорхой. Бидний дараагийн нийтлэлүүдэд тус хамтлагын бидний дунд дэлгэрсэн хит дуунууд орох болно.

14. Eruption - One Way Ticket

Хэдийгээр Англид нэгдэн хамтлагаа байгуулсан ч Boney M хамтлагийн продюсерийн хараанд өртөж дуу бичлэгийн Hansa студитэй гэрээ хийснээр Германд ирж суурьшжээ. Алдарт Boney M хамтлагийг дэмжин тоглолтод нь оролцож байсны хажуугаар студитэй хамтран өөрсдийн уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай нь One Way Ticket хэмээх та бидний сонсож буй энэ дуу билээ. Хамтлагийн эрэгтэй дуучин ганцаарчилсан тоглолтыг илүүд үзэн хамтлагаа 1979 онд орхисноор тэдний цаашдын уран бүтээлд ахиц гарсангүй. Гэвч хамтлаг Германы Hansa студитэй үүрд үлдсэн юм. 1980-аад оны эхээр ЗХУ-н нэгэн хамтлаг энэ дууны аян дээр оросоор дуулсан нь бидний дунд бас л нэрд гарч байсан санагдаж байна. ЗХУ-н тэр үеийн эстрадын хамтлаг дуучдын талаар та бүхэндээ бид тусгай нийтлэл болгон хүргэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Ингээд ЗХУ-н хамтлагийн хувилбарыг сонсоцгооё.

15. Здравствуй песня - Синий, Синий Инеи

16. Baccara - Yes Sir I Can Boogie

1977 онд байгуулагдсан Испанийн хослол хамтлаг Baccara нь ганцхан энэ дуугаараа л алдартай. 1978 оны сүүлчээр гарсан даруйдаа бараг европын бүх орны хитэд тэргүүлсэн байдаг. Борооны дараах мөөг шиг олноор гарч ирж байсан диско чиглэлийн хамтлаг дуучдаас дэлхийн нийтэд танигдсан цөөхөн хамтлагийн нэг бол яах аргагүй Baccara билээ. 1982 оноос хамтлагийн гишүүд тус тусынхаа замаар явснаар хамтлаг албан ёсоор таржээ. Гэвч болоогүй ээ, 1990 онд эргэн нэгдэж одоо ч уран бүтээлээ туурвисаар байгаа юм билээ. Даанч дахин тэднийг азын тэнгэр ивээгээгүй л байна.

17. Arabesque - Midnight Dancer

Эмэгтэйчүүдийн гурвал хамтлаг Германы Frankfurt хотноо 1977 онд үүсгэн байгуулагджээ. Гэвч удалгүй хамтлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шинээр 2 эмэгтэй сольсноор хамтлаг маань жинхэнэ утгаараа уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Хуучнаар ЗХУ, Япон зэрэг орнуудад ихэд нэрд гарч байжээ. Надад энэхүү дууны кргузорь сэтгүүл дээр гарсан жижиг цэнхэр ялтсан пянз байсныг санаж байна. Гэвч мэдээж одоо хаана байгааг зөвхөн бурхан л мэдэх байх. Энэ хамтлагт дуулж байсан Sandra нь 1980-аад оны дундаас эхлэн өөрийн соло уран бүтээлээ туурвиж эхэлснээр хамтлаг тарсан байдаг. Тэрээр европтоо маш алдартай дуучин болсон. Энэ тухай бидний дараагийн нийтлэлүүдэд орох учраас ингээд зогсьё.

18. Dschinghis Khan - Dschingis Khan

1979 онд байгуулагдаад 1980 онд тарсан уг хамтлагийн нэрийн дуу болох энэ дууг мэддэггүй тэр үеийн Монгол хүн гэж үгүй биз. Хүүхэд хөгшидгүй л сонсож байсан. Аргагүй биз дээ, бидний агуу хааны нэрээр нэрлэсэн болохоор тэр үед бидэнд омогших сэтгэл төрдөг байсан биз. Хэлийг нь ойлгохгүй ч Монголчлон дуулдаг байснаа би лав санаж байна. Сүүлд би хамт ажилладаг Герман найзаараа орчуулуулж ойлгож байсан юм даг. Харин энэ хамтлагийн дуулсан Moscau хэмээх дуу нь үүнээсээ илүү амжилтанд хүрсэн байдаг.

19. Blondie - Heart Of Glass

1979 онд дуулагдсан энэ дуу Америкийн Billboard Chart-д багтаж байсан амжилттай дуу юм. The Rolling Stones сэтгүүлийн нэрлэсэн дэлхийн 500 алдарт дууны 255 дугаарт жагсаж байна. 1975 онд анх энэ дуу Once I Had Love гэдэг нэрээр удаан темптэйгээр дуулагдаж байжээ. Гэвч 1979 онд өөрчлөн дисо стиль-д оруулсанаар Америкийн диско чиглэлийн дууны жагсаалтад бичигджээ. Надад бас л тэр кргузорийн ялтсан пянз нь байсан юм. Тэгэхээр Монголчууд бид сонсдог л байсан байж таарна.

20. F.R. David - Words

1982 онд гарсан даруйдаа Европын бараг бүх орны хитэд тэргүүлж байжээ. Харин Английн хитэд 2 жагсаж байсан үзүүлэлттэй юм байна. Миний хувьд 1980-аад оны сүүлчээс эхлэн сонсож байсан. Яаж гэдгээ одоо болтол санадаггүй юм. Ямар ч байсан миний цуглуулгад энэ дуу орсон нь сайн хэрэг. 1990-ээд оны эхээр оютан болоод англи хэл үзэж байхдаа миний сурсан дууны нэг мөн.

Энэ удаагийн нийтлэлээ энд хүргээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэж байна. Euro Disco сэдвээр бичиж буй бидний цуврал нийтлэл цаашид Italo Disco болон Euro Beat Disco гэсэн сэдвүүдээр үргэлжлэх болно. Өмнө нь бид 1970-аад оныхоо хит дуунуудаас бүрдсэн нийтлэлүүдээ дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн нийтлэл маань 1970-аад оны шилдэг уянгын баллад дууны цомог байх болно. Дэлхийн сор болсон классик дуунууд багтсан уг цомог та бүхэнд аз жаргал бэлэглэх болно гэдэгт итгэж байна. Түр баяртай.