Recent videos

TITLE1 = "Хошин шог"; title2 = "Action"; TITLE3 = "Bike Games"; TITLE4 = "Dress-U p"; TITLE5 = "Strategy"; TITLE6 = "Sport Games"
Home » » ЭРГЭН ДУРСАХУЙ - Part 2 ДИСКО, ДИСКО

ЭРГЭН ДУРСАХУЙ - Part 2 ДИСКО, ДИСКО



1970-аад онд бидний аав ээж, ах эгч нарын маань сонсож ирсэн гадаадын шилдэг хамтлаг дуучдын хит болон тэргүүлж байсан дууны талаарх хөгжим мэдээллийн танин мэдэхүйн анхны нийтлэл маань та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь IPad болон IPhone-нд формат таарахгүй байгаагаас үүдэн дууг уншихгүй байгаа тул та бүхэн өөрийн суурин РС-нээс манай нийтлэлийг уншихыг хүсье.

Энэ удаагийн нийтлэл маань 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхэн үеүүдэд дуу бүжгийн шинэлэг урсгал болох Discoteque чиглэлээр дуулж, уран бүтээлээ туурвиж байсан хамтлаг дуучдын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Анх 1970-аад оны сүүлч үеэс хамтлаг дуучид Диско чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Америк, Канадаас эхлэлтэй тус хөгжмийн урсгал тухайн үеийн залууст ихэд таалагдаж, түүний хэмнэлд тохирсон бүжиг хүртэл дэглэн энд тэнд олноороо цугларан бүжиглэдэг байжээ. Түүгээр ч үль барам олон хотод диско клубууд нээгдэж, олон өнгөөр гэрэлтсэн бүжгийн талбайд залуус ёстой солиорох шахам бүжиглэдэг байснийг одоо ч амьдарч буй 40, 50-аад насныхан дурсан ярьдаг. Харин манай оронд 1980-аад оны дунд үеэс эхлэн залуучуудын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд ихэвчлэн гадаадад суралцдаг байсан (тухайн үед манай залуучууд хуучин социалист орнуудад олноор суралцдаг байсан) оюутнуудаар дамжуулан мэдээлэл авдаг байжээ. Тэд зуныхаа амралтаар ирэхдээ ид моодонд орж байсан хамтлаг, дуучдын пянз, кассет олноор авч ирж сонсдог байсан нь бидэнд нөлөөлсөн биз ээ. Бага ангийн сурагч байсан би вээр ахынхаа авчирч өгсөн хэдхэн пянзыг үхтэлээ харамладаг байж билээ. Учир нь тухайн үед юм ховор байсан болоод ч тэр үү гол гаргана гэж нэг айхтар юм байсныг та бид юу эс андах билээ. Энэ талаар нийтлэлийнхээ явцад оруулахаар бэлтгэсэн бөгөөд ингэсгээд зогсьё.

1970-аад оны сүүлчээс эхлэн 1990-ээд оны эхэн хүртэл буюу хүний амьдралын бүхэл бүтэн нэг үеийн туршид эгшиглэж байсан Disco дуу хөгжмийг урлаг судлаачид чиглэл, урсгалаар нь нийт 3-н үе шатанд хуваан үздэг юм байна.

1. Classic Disco.

Хөгжлийн үе шат нь 1970-аад оны сүүлч, 1982 он хүртэл. Гол төлөөлөгчид нь Bee Gees, Arabesque, Boney M, Ottawan, Village People, ABBA гэх мэт өдгөө классик болсон хамтлаг дуучид багтаж байна.

2. Italo-Disco

1982 оноос эхлэн Италийн зарим хамтлаг дуучид хөгжмийн найруулгадаа synthesizer, цахилгаан бөмбөр мэтийг оруулснаар тухайн үедээ шинэлэг хөгжмийн дуугаралтыг бий болгож, залуусын сонсох дуртай хөгжим болсноор зарим нэртэй DJ нарын хөгжмийн найруулгадаа ашигладаг дуртай хэрэгсэл нь болсон юм. Гэвч удалгүй олны зүгээс амьд хөгжим тоглохгүй байна, хөгжмийн фэнүүдийг хууран мэхэлж байна гэсэн шүүмжлэлд их өртөх болсноор аажмаар зогссон гэдэг. Synthesizer болон цахилгаан бөмбөр ашиглан дуулсан Итали, Испани зэрэг олон орны дуучид, хамтлагууд маш олон байдаг бөгөөд гол төлөөлөгчид нь Joy Peters, London Boys, Valerie Dore, Gazebo, Ryan Paris, Grant Miller, Radiorama, Savage гэх мэт бөлгөө.

3. Euro-Beat Disco

1985 оноос эхлэн хөгжсөн диско төрлийн энэхүү урсгал нь анх Германчуудаас дэлгэрч улмаар бүх дэлхийд түгнэ гэдгийг тухайн үед хэн ч тааварлаагүй байх. Одоо ч амьд сэрүүн буй алдарт Modern Talking хамтлагийг үндэслэгч Германы номер нэг хөгжмийн ертөнцийн магнат Dieter Bohlen Италичуудын хэрэглэж эхэлсэн Synthesizer болон цахилгаан бөмбөр дээр уламжлалт амьд хөгжим нэмж оруулан илүү түргэн хэмнэлттэй болгож өгснөөр Евро Диско жинхэнэ утгаа олон хөгжсөн гэж үзэж болно. Энэ төрлөөр нэрд гарсан хамтлаг дуучид голдуу Герман, Австри, Голланд зэрэг орнуудаас төрж гарсан байдаг нь Германчууд санаачлагыг гартаа авч дэлхийд тэргүүлэх болсонтой холбон тайлбарлаж болно. Гол төлөөлөгчид нь Laura Branigan, Modern Talking, C.C.Catch, Sandra, Joy, Bad Boys Blue, Silent Circle, Fancy гэх мэт та бидний сайн мэдэх хамтлаг дуучид яах аргагүй мөн.

Дээрх бүх чиглэл урсгалыг нэгтгэн 2000 оноос эхлэн ерөнхийд нь Euro Disco хэмээн нэрийдэх болжээ. Ингээд олныг нуршилгүй Disco чиглэлээр бичиж буй энэхүү нийтлэлийнхээ эхний хэсгийг та бүхэндээ толилуулж байна. Энэ бол Classic Disco.

Диско хөгжмийн урсгал АНУ, Канадаас эхлэлтэй талаар дээр цухас дурдаад өнгөрсөн билээ. Тиймээс хамтлаг дуучдын танилцуулгаа тэднээс эхэлсэн нь зүйтэй гэж үзлээ. Тэргүүлэх байр сууриа Европчуудад алдах хүртлээ АНУ-д диско хэмнэлт дуу хөгжим маш хурдацтай хөгжиж, дуучид, хамтлагууд гайхалтай амжилтад хүрч байсныг тухайн үеийн түүхээс харж болно. Энд нэг сонирхолтой жишээ татахад АНУ түүхэндээ ганцхан удаа 1980 онд Best Disco Recording Award хэмээх шагналыг Gloria Gaynor-н I Will Survive дуунд нь өгчээ.

1. Gloria Gaynor - I Will Survive

Азтай ч гэмээр, алдартай ч гэж болох Gloria Gaynor гэгч чухам хэн байсан юм бол.

АНУ-н Нью Жэрси мужаас гаралтай тэрээр 1960-аад онд jazz/pop стилийн Soul Satisfiers гэдэг хамтлагт дуулдаг байжээ. Нэлээд сүүлд буюу 1975 онд эрс шинэчлэгдэж диско стилийн хэмнэлээр дуулж эхэлсэн нь түүнийг хоромхон хугацаанд нэрд гаргасан гэдэг.Never Can Say Goodbye цомогт нь орсон Honey Bee, Never Can Say Goodbye болон Reach Out, I'll Be There хэмээх 19 минутын туршид зогсолтгүй үргэлжлэх дуунууд нь тухайн үеийн диско клубуудэд эгшиглэж, залуучуудыг ёстой нэг доргиож байсан аж. Тэгээд ч түүнийг диско стилээр дуулсан хамгийн анхны дуучин хэмээн албан ёсоор өргөмжилдөг юм байна. Харин 1978 онд гаргасан Love Tracks цомогт нь багтсан бидний хамгийн эхэнд сонссон I Will Survive хэмээх дуу нь түүнийг хоёр дахиа алдрын оргилд хүргэжээ. Эмэгтэйчүүдийн хамгийн их сонсох дуртай дуу гэж хэлж болно. Найз залуудаа хаягдсан нэгэн бүсгүй сэтгэлээр уналгүй энэ бүхнийг даван туулах чадвартайгаа бусдад илтгэж байгаа утга санаатай энэхүү дууг зовлонд унасан маш олон бүсгүйчүүд өнөөг хүртэл дуулж, урам зориг авдаг гэсэн шүү. Тэгээд бодохоор үнэхээр классик юм гэж бодохоос өөр аргагүй.

2. Village People - YMCA

Burger хэмээх талхан дунд хавчуулсан махыг гол хоолоо болгон өдөр шөнөгүй шахам идэж заншсан Амеpикчуудын дунд таргалалт хэмээх айхтар асуудал 1970-аад оноос илт мэдрэгдэж эхэлсэн гэдэг. Тиймээс түүний эсрэг чиглэсэн компанит ажил энд тэндгүй өрнөж зарим компаниуд энэ чиглэлийн бизнест үйл ажиллагаагаа идэвхжүүлж байсны тод жишээ бол нэгэн зэрэг олон муж улсуудад үүдээ нээж байсан Y.M.C.A спорт цогцолбор билээ. Ялангуяа залуучуудыг спортоор өргөнөөр хичээллэхийг уриалж байсан тус пүүсийн удирдлагууд сурталчилгаандаа нэгэн өвөрмөц арга олжээ. Энэ нь тухайн үед залуучуудын дунд ид моод болж байсан диско чиглэлийн дуу бүжгийг хослуулсан уран бүтээл хийж, нэртэй хамтлагаар дуулуулж, хүмүүсийг уриалан дуудахад оршиж байв. Ингэж Village People хамтлагийн Y.M.C.A хэмээх өнөө ч хүмүүс амандаа аялсаар явдаг нэгэн диско дуу төрсөн түүхтэй. Энэхүү дуу 1978 онд Америкт төдийгүй, Европ, Ази тивд ч цуурайтаж тухайн үеийн топ хит дуу болж байжээ. Харин та спортоор хичээллэж эхлэхээ мартав аа.

3. September - Earth,Wind & Fire

Хамтлаг 1969 онд АНУ-н Chicago хотноо байгуулагдаж байжээ. Гэвч тэд 1970-аад оны дунд үеэс эхлэн олонд танигдаж эхэлжээ. Диско урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн нь ид моодонд орж байсан хөгжим, бүжгийн цоо шинэ чиглэлийг соргогоор мэдэрснийх биз ээ. Энд нэгэн гайхалтай мэдээ байна. 1980-аад оны эхэн хүртэл гаргасан тэдний цомог нийт 100 сая борлогдсон гэхээр ямар хэмжээнд нэртэй хамтлаг байсныг илтгэх буй за. Тус хамтлаг шинэллэг хөгжмийн дуугаралтыг гарган ураан бүтээлдээ ашиглаж байсан нь урлаг судлаачдын талархлыг одоо ч хүртсээр байгаа гэсэн шүү.

4. Donna Summer - Hot Stuff

1979 онд гаргасан Bad Girls цомогт нь багтсан энэ дуу Америкийн Billboard Chart-д тэргүүн байр эзэлж, улмаар дэлхийн олон орны диско клубүүдэд эгшиглэж байсан алдартай дуу билээ. Энэхүү дуугаараа Donna Summer Grammy Awards шагнал хүртсэн нь африк гаралтай, эмэгтэй хамгийн анхны дуучин болон бүртгэгджээ. Тэрээр диско чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан Америк тивийн хамгийн сүүлчийн дуучин гэж хэлж болно.

Үндсэндээ 1975-1980 оны хооронд асар богинохон хугацаанд диско хэмээгч дуу хөгжмийн хэмнэлтэт нэгэн урсгал тус тивд цэцэглээд хөгжих шатандаа мөхсөн юм. Учир нь Европын хамтлаг дуучид хүч түрэн гарч ирж, улмаар дэлхийг байлдан дагуулсан нь магадгүй тэдэнд ямар нэгэн сул орон зай үлдээгээгүй байх л даа.

5. Ottawan - D.I.S.C.O

Францын Ottawan хамтлаг энэхүү алдарт дуугаараа Discoteque Европт хүч түрэн орж ирснийг албан ёсоор зарлан тунхагласан гэж болно. Хэдийгээр Англи, Америкийн хитүүдээд тэргүүлж чадаагүй ч европ, латин америк, азийн бусад орнуудад супер хит болон эгшиглэж байсан. Хэдхэн дуугаараа хоромхон хугацаанд дэлхийг байлдан дагуулсан тус хамтлаг цаашид уран бүтээлээ хийсээр байсан бөгөөд хоорондоо ижил төстэй гэмээр дуунууд нь анхных шигээ байж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ тэдний дуунууд бидний зүрх сэтгэлд мөнх эгшиглэх болно. Нэгэн сонирхолтой мэдээг та бүхэндээ хүргэе. Эхлээд дараах дууг хамтдаа сонсоцгооё.

6. Parvati Khan - Jimmy Jimmy Jimmy Aaja

Тиймээ сайн санаж байгаа биз дээ. Энэтхэгийн алдарт Диско Бүжиглэгч гэдэг кино дээр дуулагдсан дуу. Хуучнаар ЗХУ болон бидний Монголчуудын дунд кинотойгоо л хит болсон үнэхээр олон дурсамжыг өөртөө шингээсэн кино гэдэгтэй маргах хүн гарахгүй. Миний мэдэхээр 1980-аад оны эхээр Монголчууд бид Энэтхэг киногоор ёстой нэг амьсгалж байсан гэхэд болно. Хойно сурдаг ах маань амралтаараа ирэхдээ домог шиг л үзсэн киногоо ярьж өгнө дөө. Би ч их дуртай байж билээ. Харин энэ дууг анхлан Ottawan хамтлаг маань дуулж, 1979 онд олон оронд хит болж байжээ. Хэдийгээр хуулбарлан дуулсан ч энэтхэгийн кино одын дуулснаар бидний зүрх сэтгэлд илүү тод хоногшин үлдэж дээ. Дуугаа анхны хувилбараар нь Ottawan-ны дуулснаар сонсож үзье. Сонирхолтой байгаа гэдэгт итгэж байна.

7. Ottawan - You're OK

Discoteque-г Европ тивд тунхаглан мөнхөд тус тивийн нэрээр нэрлэгдэх болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан Францын алдарт Ottawan хамтлагийнхаа тухай түүхэн дурсамжаа тэдний дуулсан нэгэн гайхалтай дуугаар өндөрлье.

8. Ottawan - Hands Up (Give Me Your Heart)

Бидний та бүхэнд хүргэж буй нийтлэл маань таалагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд нийтлэлийнхээ гол хэсэгт орцгооё. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр хуучин социалист системийн орнууд болон хуучнаар ЗХУ-д оюутан байсан ах нарын залуу зандан насных нь гэгээн дурсамжтай мөчүүдийг сэргээсэн тухайн үедээ бидний дунд үнэн хит болж байсан дуунууд одоо эгшиглэх гэж байна. Тухлан сууна уу.

9. Suzie Quatro & Chris Norman - Stumbling In

Та бидний сайн энэ дууг Smokie хамтлагийн solo дуучин Chris Norman, Suzi Quatro-тай хамтран дуулжээ. Chris Norman хамтлагаасаа тусдаа ганчаарчилсан уран бүтээл хийхээр оролдож байсны анхны тохиолдол байв. Англи, Америкийн хит жагсаалтад багтах нь дэлхийн ихэнх хамтлаг дуучдын тэмүүлэл байдаг бөгөөд тэнд үзүүлсэн амжилтаар тэдгээрийн чансааг дэлхийд үнэлдэг. Хэдийгээр энэ дуу Америкийн хит жагсаалтад дөнгөж 40 дүгээрт бичигдэж байсан ч, Англи болон зүүн европын бусад орнуудад тэргүүлж байсан. Диско чиглэлийн урсгалын тэргүүлэх байр сууриа Европчуудад алдсан нь Америкчуудад таалагдаагүй нь ойлгомжтой. Энэ цагаас эхлэн Америкийн Billboard Chart-д диско стилээр дуулсан Европын нэг ч хамтлаг дуучид багтаж байгаагүй харамсалтай түүх бий. Энэ урсгалаар уран бүтээлээ туурвиж буй өөрсдийн хамтлаг дуучдаа хэзээ ч диско төрөлд хамруулан тооцолгүй софт поп гэх мэт нэр томьёо ашигладаг болсон нь гайхмаар. Үзэл суртлын ийм л сонин цаг хугацаанд хүүхэд нас минь өнгөрч дээ, одоо бодоход.

10. Bonnie Tylor - It's A Heartache

Английн хэд хэдэн хамтлаг дуучид энэ дууг дуулсан байдаг ч Bonnie Tylor-н хувилбар хамгийн амжилттай нь болжээ. Хэдийгээр хитэд тэргүүлж байгаагүй ч хамгийн сонирхолтой нь Мексикийн жагсаалтад дээгүүр бичигдэн орж ирсэн нь Англичуудын хувьд анхны тохиолдол байсан байх. Энэ цагаас эхлэн европын диско чиглэлийн урсгалын дуу хөгжим латин америкийн орнуудад түгэн дэлгэрч эхэлсэн байдаг. Хэдийгээр Америкийн Billboard Chart европ тивийн диско давамгайлалыг илт дэмжихгүй байж, хит жагсаалтдаа оруулахгүй байсан ч яалт ч үгүй дэлхийн нийтийг байлдан дагуулж байсан Euro Disco латин америкийн хөгжмийн ертөнцөд түрэн орж ирсэн нь энэ билээ.

11. Smokie - Lay Back In The Arms Of Someone

Европ, Ази, Латин Америкийн орнуудад Smokie хамтлагийн цомгууд үнэхээр амжилттай борлогдож байжээ. 1979 онд гарсан энэ дуу социалист системийн орнуудад бүр сүүлд 1980-аад оны эхээр дэлгэрсэн байдаг. Болгарын Балкантон фирм-д хэвлэсэн тус хамтлагийн цомгийг сүүлд 1986 онд хуучнаар ЗХУ-н Мелодия дуу бичлэгийн студид дахин хэвлэж гаргасан нь бидний дунд түгэн дэлгэрэх эхийг тавьсан гэж хэлж болно. Гэхдээ Кргузорь сэтгүүлд тухайн үеийн шилдэг дуу хөгжмийн танилцуулга гарч байжээ. Тэнд хавчуулагдан ирдэг цэнхэр ялтсан пянзан дээрх дууг их сонсдог байсныг одоогийн залуучууд мэдэхгүй байх л даа. Ядаж байхад пянзан дээрх дуунууд нь танилцуулга төдий гүйцэд биш байдаг ч бидэнд өөр сонголт байдаггүй байсан юм шүү.

12. Bee Gees - Saturday Night Fever

The Bee Gees бол дэлхийн нийтийн хамтлаг. John Travolta-н тоглосон Saturday Night Fever киноны дуу. 1978 онд Hollywood-д хийгдсэн кинонд энэ дууг ашигласан нь санамсаргүй тохиолдол биш ээ. Дуу хөгжим, бүжгийн шинэ урсгалыг дэлхий нийтэд таниулсан агуу бүтээл болсон гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа биз ээ. Дуу хөгжим сонирхогч та бүхнийг энэ киног заавал үзэхийг хүсэж байна. Дэлхийн сая сая хүн уг киног үзсэн бөгөөд хамтлагийн сингл 120 сая борлогдсон үзүүлэлтийг рекорд гэхээс өөр юу гэхэв дээ. Бидний дараа дараагийн нийтлэлүүдэд амласан ёсоор хамтлагын хит болсон дуунууд багтаж байгааг дахин сануулахад таатай байна.

13. Boney M - Rivers Of Babylon

Jamaica аралаас гаралтай хар арьст дуучдаас бүрдсэн Boney M хамтлаг бүх цаг үеийн диско чиглэлийн уран бүтээл туурвиж байсан хамтлаг, дуучдаас хамгийн урт хугацаанд олон олон хит дуу дуулж байсанаараа алдартай. Монголын тал нутагт одоо ч эгшиглэсээр байдгийг саяхан би сумын төвийн ресторанд хооллохдоо мэдсэн. Тэнд энэ дуу эгшиглэж байсан шүү. Гайхалтай байгаа биз. 1978 онд гарсан энэ дуу Английн хитэд тэргүүлсэн ч Америк ах нар бас л үзэл суртлын хар гайгаар дээгүүрт оруулаагүй юм. Миний санаж байгаагаар 40-60 -р байранд давхиж байсан гэж Billboard Chart-н албан ёсны website-с харж байсан. Boney M хамтлаг Герман продюсертэй байснаас тус улсын нэрээр алдаршжээ. Өмнө нь Jamaica-н зарим хамтлаг дуучид энэ дууг дуулж байсан авч Boney M шиг дэлхийн нийтэд нэрд гаргаж чадаагүй. Магадгүй Герман продюсер-н менежментийн бодлогын үр дүн биз ээ. Тэгэхээр урлагын ертөнцөд продюсер ямар чухал үүрэгтэй болох нь тодорхой. Бидний дараагийн нийтлэлүүдэд тус хамтлагын бидний дунд дэлгэрсэн хит дуунууд орох болно.

14. Eruption - One Way Ticket

Хэдийгээр Англид нэгдэн хамтлагаа байгуулсан ч Boney M хамтлагийн продюсерийн хараанд өртөж дуу бичлэгийн Hansa студитэй гэрээ хийснээр Германд ирж суурьшжээ. Алдарт Boney M хамтлагийг дэмжин тоглолтод нь оролцож байсны хажуугаар студитэй хамтран өөрсдийн уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай нь One Way Ticket хэмээх та бидний сонсож буй энэ дуу билээ. Хамтлагийн эрэгтэй дуучин ганцаарчилсан тоглолтыг илүүд үзэн хамтлагаа 1979 онд орхисноор тэдний цаашдын уран бүтээлд ахиц гарсангүй. Гэвч хамтлаг Германы Hansa студитэй үүрд үлдсэн юм. 1980-аад оны эхээр ЗХУ-н нэгэн хамтлаг энэ дууны аян дээр оросоор дуулсан нь бидний дунд бас л нэрд гарч байсан санагдаж байна. ЗХУ-н тэр үеийн эстрадын хамтлаг дуучдын талаар та бүхэндээ бид тусгай нийтлэл болгон хүргэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Ингээд ЗХУ-н хамтлагийн хувилбарыг сонсоцгооё.

15. Здравствуй песня - Синий, Синий Инеи

16. Baccara - Yes Sir I Can Boogie

1977 онд байгуулагдсан Испанийн хослол хамтлаг Baccara нь ганцхан энэ дуугаараа л алдартай. 1978 оны сүүлчээр гарсан даруйдаа бараг европын бүх орны хитэд тэргүүлсэн байдаг. Борооны дараах мөөг шиг олноор гарч ирж байсан диско чиглэлийн хамтлаг дуучдаас дэлхийн нийтэд танигдсан цөөхөн хамтлагийн нэг бол яах аргагүй Baccara билээ. 1982 оноос хамтлагийн гишүүд тус тусынхаа замаар явснаар хамтлаг албан ёсоор таржээ. Гэвч болоогүй ээ, 1990 онд эргэн нэгдэж одоо ч уран бүтээлээ туурвисаар байгаа юм билээ. Даанч дахин тэднийг азын тэнгэр ивээгээгүй л байна.

17. Arabesque - Midnight Dancer

Эмэгтэйчүүдийн гурвал хамтлаг Германы Frankfurt хотноо 1977 онд үүсгэн байгуулагджээ. Гэвч удалгүй хамтлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж шинээр 2 эмэгтэй сольсноор хамтлаг маань жинхэнэ утгаараа уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Хуучнаар ЗХУ, Япон зэрэг орнуудад ихэд нэрд гарч байжээ. Надад энэхүү дууны кргузорь сэтгүүл дээр гарсан жижиг цэнхэр ялтсан пянз байсныг санаж байна. Гэвч мэдээж одоо хаана байгааг зөвхөн бурхан л мэдэх байх. Энэ хамтлагт дуулж байсан Sandra нь 1980-аад оны дундаас эхлэн өөрийн соло уран бүтээлээ туурвиж эхэлснээр хамтлаг тарсан байдаг. Тэрээр европтоо маш алдартай дуучин болсон. Энэ тухай бидний дараагийн нийтлэлүүдэд орох учраас ингээд зогсьё.

18. Dschinghis Khan - Dschingis Khan

1979 онд байгуулагдаад 1980 онд тарсан уг хамтлагийн нэрийн дуу болох энэ дууг мэддэггүй тэр үеийн Монгол хүн гэж үгүй биз. Хүүхэд хөгшидгүй л сонсож байсан. Аргагүй биз дээ, бидний агуу хааны нэрээр нэрлэсэн болохоор тэр үед бидэнд омогших сэтгэл төрдөг байсан биз. Хэлийг нь ойлгохгүй ч Монголчлон дуулдаг байснаа би лав санаж байна. Сүүлд би хамт ажилладаг Герман найзаараа орчуулуулж ойлгож байсан юм даг. Харин энэ хамтлагийн дуулсан Moscau хэмээх дуу нь үүнээсээ илүү амжилтанд хүрсэн байдаг.

19. Blondie - Heart Of Glass

1979 онд дуулагдсан энэ дуу Америкийн Billboard Chart-д багтаж байсан амжилттай дуу юм. The Rolling Stones сэтгүүлийн нэрлэсэн дэлхийн 500 алдарт дууны 255 дугаарт жагсаж байна. 1975 онд анх энэ дуу Once I Had Love гэдэг нэрээр удаан темптэйгээр дуулагдаж байжээ. Гэвч 1979 онд өөрчлөн дисо стиль-д оруулсанаар Америкийн диско чиглэлийн дууны жагсаалтад бичигджээ. Надад бас л тэр кргузорийн ялтсан пянз нь байсан юм. Тэгэхээр Монголчууд бид сонсдог л байсан байж таарна.

20. F.R. David - Words

1982 онд гарсан даруйдаа Европын бараг бүх орны хитэд тэргүүлж байжээ. Харин Английн хитэд 2 жагсаж байсан үзүүлэлттэй юм байна. Миний хувьд 1980-аад оны сүүлчээс эхлэн сонсож байсан. Яаж гэдгээ одоо болтол санадаггүй юм. Ямар ч байсан миний цуглуулгад энэ дуу орсон нь сайн хэрэг. 1990-ээд оны эхээр оютан болоод англи хэл үзэж байхдаа миний сурсан дууны нэг мөн.

Энэ удаагийн нийтлэлээ энд хүргээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэж байна. Euro Disco сэдвээр бичиж буй бидний цуврал нийтлэл цаашид Italo Disco болон Euro Beat Disco гэсэн сэдвүүдээр үргэлжлэх болно. Өмнө нь бид 1970-аад оныхоо хит дуунуудаас бүрдсэн нийтлэлүүдээ дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Дараагийн нийтлэл маань 1970-аад оны шилдэг уянгын баллад дууны цомог байх болно. Дэлхийн сор болсон классик дуунууд багтсан уг цомог та бүхэнд аз жаргал бэлэглэх болно гэдэгт итгэж байна. Түр баяртай.

Share this article :