Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн цагаан сарын шинийн нэгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настан буурлуудын төлөөлөл болсон есөн ахмадтай Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд амар мэндийг нь эрэн золголоо.
Төрийн золголтод Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, 106 настай С.Бүтэмж, Өвөрхангай амйгийн Уянга сумын харьяат, 101 настай Д.Гомбоо, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат 100 настай Л.Ишжамц, Дорнод аймгийн харьяат 97 настай П.Норжин, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Ц.Адъяа, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Л.Бүзмаа, Дундговь аймгийн харьяат Н.Арвага, Увс аймгийн Тэс сумын харьяат Я.Нямаа, Сүхбаатар аймгийн харьяат В.Дэнсмаа нарын настан буурлууд оролцлоо.
Настан буурлуудтай золгож хөөрөг зөрүүлэн амар мэндийг нь мэдсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт ард түмэндээ хандан үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн энэ баярын өдөр нийт ард иргэддээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Цаг их сайхан наашилж, буян заяа тэгширч сайхан болж байна. Төрийн өргөөндөө золгож, ахмадуудтайгаа золгож, Төрийн хүндэтгэлийнхээ өргөөнд хүндэтгэлээ үзүүлж, бүх ёс төрөө үйлдлээ.
Өвгөд, хөгшдөө нялхас мэт, өвгөд, хөгшдөө хүүхэд мэт асран тэтгэж, хүүхэд нялхсаа өвгөд, хөгшид мэт дээдлэн дэмжиж явахыг нийт ард иргэдээсээ хүсэн ерөөе.
Энэ жил гарч байгаа усан могой жил Монголын ард түмэнд буян заяагаа өгсөн, улс орны маань хөгжил дэвшил улам өөдрөг байхыг хүсэн ерөөе” гэлээ.