Жалбуугийн Пүрэвдаш
Та бүхний амралтанд зориулан бэлтгэж буй ЭРГЭН ДУРСАХУЙ цуврал нийтлэлийн маань анхны дугаар бэлэн боллоо. Энэ удаад 1970-аад оны хит дуунуудаас бүрдсэн цомгоо танилцуулахаас гадна аав ээж нар маань тэр үед ямар дуу хөгжим сонирхон сонсож ирснийг хамтдаа сонсоцгооё!
1. Christie - Yellow River
70-аад эхээр дуулагдаж байсан энэхүү дуу Европын орнууд хийгээд хуучнаар ЗХУ-д ихэд хит болон түгж байжээ. Хамтлагийн ахлагч болох Jeff Christie өөрийн нэрээр хамлагаа нэрлэсэн бөгөөд үе үеийн дуучид дахин амьдруулан дуулдаг дэлхийн рок, попын классик дууны нэг яах аргагүй мөн билээ. Америкийн иргэний дайнд оролцсон нэгэн байлдагч залуу Yellow River-т байх гэртээ харьж байгаа тухай энэ дуунд өгүүлдэг. "L'Amérique" нэртэйгээр Францын алдарт Joe Dassin 1970 онд бас дуулж байжээ. Манай Монголд Ганхүү ахлагчтай Шар Айраг хамтлаг монгол хэлээр дуулсан байдаг.
2. Brotherhood Of Man - Save Kisses For Me
1976 онд Голландад болсон Eurovision Song Contest-д тэргүүн байр эзэлсэн энэ дуу 2 жилийн өмнө буюу 1974 онд зохиогдон дуулагдаж байжээ. Хамтлагийн хувьд 3 жил дараалан тус наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн юм. Энэхүү сайхан аялгуут дуу маань шинэ жилийн баярын үеэр Англи болон Европын холбооны улсуудад одоо ч эгшиглэсээр байдаг бөгөөд дууг зохиосон хамтлагийн гишүүн Lee Sheriden нэгэнтээ өөрөө дуулахаар хүсч байсан ч студын удирдлага өөр хүнээр дуулуулахаар болсонд харамсаж байсан тухайгаа нэг бус удаа илэрхийлж байжээ.
3. Elton John - Crocodile Rock
Ээлтэй Жон ахын дуулсан "Crocodile Rock" хэмээх жинхэнэ тэр үеийн рок дуу 1972 онд гарсан бөгөөд тэр даруйдаа Английн хит-д тэргүүлж 1973 оноос эхлэн АНУ-н Billboard Сhart-д нэгд бичигдсэнээр түүний мөрөөдөл биелж хамгийн олон зарагдсан үзүүлэлтээр 1973 оны 2 сард Gold улмаар 1995 оны 9 сард Platinum шагналуудыг тус тус хүртэж байжээ. Elton John одоо ч уран бүтээлээ туурвисан хэвээрээ байгаа бөгөөд өдгөө АНУ-н Las Vegas хотноо Million Dollar Piano нэртэйгээр тоглолтоо хийж байна. Дахин давтагдашгүй түүний хит болсон дуунууд бидний дараа дараагийн цуврал нийтлэлүүдэд орох болно.
4. Rolling Stones - Satisfaction
Английн Liverpool-н алдарт дөрвөл ид мандаж байх үед тэдэнтэй ана мана үзэлцэн дэлхийн тавцанд гарч чадсан цөөн хэдэн хамтлагийн нэг бол алдарт The Rolling Stones билээ. Хамтлагийн solo дуучин Mick Jagger болон түүний хамтран зүтгэгч Keith Richards нар дууг хамтран зохиож дуулсан даруйд Англи, Америкийн хитүүдэд тэргүүлж эхэлжээ. Сексийг дэндүү задгай өгүүлсэн гэдэг шалтгаанаар Америкт худалдаанд гарахгүй хэсэг хугацаанд хориотой байсан бөгөөд зөвхөн богино долгионы радиогоор эгшиглэдэг байжээ. Өдгөө энэ дуу дэлхийн рок хөгжмийн түүхэнд дуулагдсан хамгийн алдартай дууны нэг гэж мэргэжилтэнүүд албан ёсоор хүлээн зөвшөөрч үүний баталгаа болгож олон улсын урлагын алтан санд бүртгэж авсан байна.
5. Rod Stewart - Da Ya Think I'm Sexy
Rod Stewart-н дуулсан энэ дуу 1978 оны 12 сараас эхлэн Английн хитэд тэргүүлж, улмаар 1979 оны 2-р сараас эхлэн Америкийн Billboard Chart-д тэргүүлж эхэлсэн байна. Өдгөө Billboard Hot 100-д багтсан гайхалтай дуу юм. Дуунаас олсон орлогоос United Nations Children's Fund-д хандивласанаар тухайн үеийн рок, попын ертөнцөд буяны үйлсэд гар сунгасан цөөхөн оддын нэг болж байжээ. Энэхүү дуугаа UNICEF нэгдсэн концерт болон 1979 оны 1 сард хийгдсэн НҮБ-н ерөнхий ассамблеин чуулга уулзалтын нээлтэд дуулж сонирхуулжээ. Rod Stewart-н хит болсон үе үеийн дуунууд бидний дараагийн нийтлэлүүдэд орох болно.
6. Smokie - I'll Meet You At Midnight
1970-аад оны дунд үеэс эхлэн үүсгэн байгуулагдсан Английн алдарт Smokie хамтлагийг 70, 80-аад оны оюутан залуус бүгд мэдэх биз ээ. ОХУ-н ерөнхийлөгч Владимир Путин хүртэл энэ хамтлагын улаан фэн гэж байгаа. Тиймдээ ч Кремль-дээ урьж авч ирэн тоглуулж байхав. Нийтлэлийн маань энэхүү цомогт багтсан уг дуу 1986 онд хуучнаар ЗХУ-н Мелодия студээс эмхлэн гаргасан пянзанд багтсан юм. Английн тухайн үед алдаршиж байсан олон хамтлагын дундаас Америкийн хитэд тэргүүлж, тэрхүү агуу том зах зээлд гарч чадаагүй цорын ганц хамтлаг байсан гэхэд хилсдэхгүй. Бид дараагийнхаа дугаарт тус хамтлаг хийгээд гоцлол дуучин Chris Norman-ны бидний дунд маш ихээр алдаршсан дуунууд оруулахаар бэлтгэсэн байгаа.
7. Michael Jackson - Wanna Be Starting Something
Попын Хаан Michael Jackson-г мэдэхгүй хүн энэ хорвоо ертөнцөд үгүй биз ээ. Thriller хэмээх цомогт нь багтсан уг дуу диско урсгалын хэв шинжийг агуулахаас гадна басс гитар болон бөмбөрийг гайхамшигтай хослуулж чадсан гэдгээрээ одоо ч үнэлэгддэг юм билээ. Бусад хамтлаг дуучид энэхүү дууны хөгжмийн найруулгыг ашиглаж байсан гэдэг. Jackson уг дуугаа анхлан бэртэйгээ таарамж муутай эгчдээ зориулан бичсэн гэдэг. Тэгээд 1978 онд гаргасан Off The Wall цомогтоо оруулсан байдаг. 1982 онд шинэчлэн найруулж, Thriller хэмээх шинэхэн цомогтоо оруулсан нь амжилтанд хүрч, түүний дуулсан хамгийн алдартай дуунуудын жагсаалтын 5 дугаарт бичигдэж байна. Мэдээж бидний дараагийн нийтлэлүүдэд түүний дуулсан гайхамшигт хит дуунууд орох болно.
8. ABBA - Dancing Queen
Дэлхийн баячуудын дунд явуулсан санал асуулгаар тэдний ихэнх нь Шведийн алдарт дөрвөл ABBA хамтлагийн энэ дууг сонсох дуртай гэж хариулсан байдаг нэгэн сонирхолтой мэдээг уншиж байснаа санаж байна. Дэлхийн рок, попын түүхэнд хамгийн их алдаршсан дуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 1976 оны 8 сард гарсан даруйдаа дэлхийн 13 орны хит парадад тэргүүлсэн байдаг. Тухайн үед ийм амжилт үзүүлж байсан хамтлаг байгаагүй юм. 1960-аад онд мандаж байсан The Beatles хамтлагийг эс тооцвол шүү дээ. Мөн тухайн үедээ хамгийн ихээр борлогдсон сингл болж байжээ.
9. Demis Roussos - Forever And Ever
Хуучин соц. системийн орнууд болоод Монголд түүнийг уянгын дууны хаан хэмээн нэрлэдэг. Бүрх малгай өмсөж, битүү сахал тавьсан түүний дүр төрх дуулж буй дуутайгаа нэг л нийлж өгдөггүй ч 1970-аад оны дунд үеэс эхлэн түүний дуулсан дуу болгон үнэхээр хит болж байсан юм. Герек гаралтай дуучин маань анх хамтлагт дуулж байсан нь төдийлөн амжилттай байгаагүй юм. Тиймээс ганчаарчилсан тоглолт хийж өмнөд европын орнуудаар аялан тоглосон нь түүнийг богино хугацаанд нэрд гаргасан гэдэг.
10. Leo Sayer - More Than I Can Say
The Crickets хэмээх Америкийн хамтлаг энэхүү дууг анх 1960-аад дуулж байжээ. Гэвч дуу маань Leo Sayer-н дуулснаар 1970-аад оны дунд үед Англи, Австрали зэрэг орнуудад хит болон тэргүүлсэн байдаг. Харин Америкийн Billboard Chart-д 1980 оны 1 сард 2 долоо хоногийн турш 2-р байрт бичигдэж байсан байна. Дуу маань RIAA-н топ шагнал болох Gold Record-г хүртэж байжээ. Тэр үед Монголд хит дуу шалгаруулдаг байсан бол яахын аргагүй нэгдүгээрт бичигдэх байсан биз ээ.
11. Cliff Richard - We Don't Talk Anymore
1979 оны 8 сараас эхлэн уг дуу Английн хитэд 4 долоо хоногийн туршид тэргүүлж байжээ. 39 настай байсан түүнийг гавьяаных нь амралтад гаргах гэж байсан гэдэг. Бүр шагнал энэ тэрийг бэлтгэж байтал мань эр гэнэт л хит болсон дуугаа дуулсаар тайзан дээр дахин гарч ирсэн гэдэг. Магадгүй удаан хугацааны туршид сайн уран бүтээл туурвиж чадаагүй байх л даа. Энэ дууны сингл цомог нь дэлхий даяар 5 сая хувь борлогдсон нь үнэхээр муугүй амжилт шүү. Тэрээр 1990-ээд оныг хүртэл карьераа амжилттай үргэлжлүүлсэн байдаг. Даан ч бидний Монголчуудын дунд энэхүү дуунаас өөр дуу эгшиглэж байгаагүй гэхэд харамсмаар ч юм шиг.
12. Samantha Sang Feat. Bee Gees - Emotions
Cheryl Gray нэрээр 1970 оны эхэн хүртэл уран бүтээлээ туурвиж байсан Австралийн дуучин маань нутаг нэгт алдарт The Bee Gees хамтлагтай хамтран ажиллах болсноор түүний урлагын замнал өөрөөр эргэсэн гэдэг. Дөнгөж 1977 онд түүний The Bee Gees хамтлагтай хамтран дуулсан Emotion хэмээх энэхүү дуу Англи, Австралийн хитэд дээгүүр бичигдэж эхэлжээ. Гэхдээ хамгийн дээд амжилт нь нутагтаа 2-рт орж байсан нь юм. Хэдийгээр өөр амжилт үзүүлж чадаагүй ч бидний сонсож буй уянгын гайхалтай энэ дууг өдгөө ч маш олон хүн сонсох дуртай байдаг.
13. Bee Gees - Tragedy
Энэ хамтлагийн тухай энд олныг нурших илүүц биз ээ. Саяхан нэгэн гишүүнээ өвчний улмаас алдсан нь The Bee Gees хамтлагийг шүтэн бишрэгчдэд хүнд туссан нь мэдээж. Диско урсгалаар уран бүтээлээ туурвиж байсан тус хамтлаг дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг мөн. Spirits Having Flown цомогт багтсан энэ дуу 1979 онд маш олон оронд номер 1 хит болж байжээ. Бидний дараагийн нийтлэлүүдэд энэхүү алдарт хамтлагын олон дуу багтсан байгаа. Дуугаа таалан сонсоно уу.
14. Ottawan - Crazy Music
Диско чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан Францын алдарт Ottawan хамтлаг 1978 оноос эхлэн Европыг жинхэнэ доргиож байсан гэхэд болно. Цувралаар хүргэж буй бидний нийтлэлийн жагсаалтад Discoteque чиглэлийн хамтлаг дуучдын мэдээлэл тусдаа нэг бүлэг болон орох юм. Хамтлагын талаар тус бүлэгт дэлгэрэнгүй өгүүлэх болно. Хуучнаар ЗХУ-н Мелодия пянзны студи цувралаар тус хамтлагийн цомгийг гаргасан байдаг. Миний санахаар 10 жилд манай биеийн тамирийн багш энэ дуун дээр биднийг аеробик хийлгэдэг байж билээ. Тиймдээ ч миний зурх сэтгэлд хоногшин үлдсэн биз ээ.
15. Elton John & Kiki Dee - Don't Go Breaking My Heart
Санамсаргүй ч гэмээр энэ дуу мэндэлсэн гэдэг. Олонд төдийлөн танил биш дуучин Kiki Dee-тэй хамтран энэ дууг дуулснаар түүнийг олонд таниулсан гэдэг ч оргүй үг биш байх. Ямартай ч энэ 2-н дуулсан Don't Go Breaking My Heart дуу 1976 онд Англи, Америкийн хитэд тэргүүлсэн юм. Түүнээс хойш Elton John 1990 онд Secrifice-г дуулах хүртлээ бусад уран бүтээлээрээ хитэд тэргүүлж чадаагүй юм. Ээлтэй Жон ах маань өөрийнхөө цомогт ч энэ дууг оруулдаггүй байсанд Kiki Dee жаахан гомдоллодог байсан нь түүний өгсөн зарим ярилцлагуудаас цухалздаг гэдэг.
16. Michael Jackson & Paul McCarteney - The Girl Is Mine
Англи Америкийн 2 од хамтран хэд хэдэн уран бүтээл дээр ажилласаны нэг нь энэхүү дуу юм. Хайртай бүсгүйгээ бие биенээсээ харамлан өөрийн болгохоор зүтгэж байгаа 2 эрийн тухай өгүүлэх энэ дуу Michael Jackson-ны ганчаарчилсан сингл бүтээлүүдийн нэг. Бусдын бүтээлийг хуулбарласан хэмээн шүүхээр хэд хэдэн удаа заргалдсан ч попын хааныг ялж чадаагүй юм. Тэрээр хэлэхдээ зүрх сэтгэлдээ сонсож байсан тэрхүү аялгуугаа шууд хальсанд буулгаж продюсертээ сонсгосон гэдэг. Хэдэн тэрбүмаар тоологдох дуунд ая давхцах тохиолдол багагүй гардгийг бид юу эс андах билээ.
Бидний бэлтгэсэн нийтлэл маань таалагдсан гэдэгт итгэж байна. Цувралаар хүргэж буй нийтлэлийн талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Дараагийн нийтлэл хүртэл түр баяртай.