Recent videos

TITLE1 = "Хошин шог"; title2 = "Action"; TITLE3 = "Bike Games"; TITLE4 = "Dress-U p"; TITLE5 = "Strategy"; TITLE6 = "Sport Games"
Home » » Сэтгэлд дотно орос дуу

Сэтгэлд дотно орос дуу



Жалбуугийн Пүрэвдаш (Монхоо)
ЭРГЭН ДУРСАХУЙ нийтлэлүүдийн маань өмнөх дугаарууд бүгд 1970-аад оны сүүлч 1980-аад оны дөнгөж эхэн үеийн гадаадын хамтлаг дуучдын хит болсон дуунуудыг хамрахаас гадна голдуу бидний Монголчуудын дунд хит болон түгж байсан дуунуудыг оруулахыг хичээсэн билээ. Тухайн үедээ эдгээр дуунууд хуучин ЗХУ болон Зүүн Европын социалист системийн орнуудад суралцаж байсан оюутнуудаар голлон бидэнд хүрдэг байсныг товч дурдсаныг санаж буй биз ээ. Тэд зөвхөн барууны дуу хөгжмийг бидэнд таниулж байгаагүй юм. ЗХУ тэргүүтэй бүхэл бүтэн социалист систем ноёрхож байсан учраас Зөвлөлтийн эстрад дуу хөгжим бидний дунд маш том байр суурийг эзэлж байсан. Алла Пугачева, Ялла, Игорь Склярь, Машина Времени, София Ротару, Анне Вески гээд нэрлээд байвал цаашид хөвөрч өгнө.
Мөн Зөвлөлтийн уран сайхны киноны дуунууд бас л их хит болдог байсныг тэр үеийн залуус бүгд сайн мэднэ. Эдгээр дуу хууртай хамт бидний гэнэн томоогүй хүүхэд нас, залуу зандан насны хайр сэтгэл, ахмад настны ахуй амьдрал тэр чигтээ мөнхрөн үлдсэн. Тийм ч учраас социалист нийгмийн тэрхэн агшинд амьдарч байсан бидэнд Зөвлөлтийн эстрадын дуу хөгжим бүхнээс илүү дотно байдгийг энд хэлэх илүү бизээ.
1970-аад он болон 1980-аад оны эхээр дэлхийн рок, попын хит болж байсан дуунууд ийм байсан юм байж. Тэгвэл бидний ахаа гэж авгайлдаг хуучнаар Зөвлөлтийн дуу хөгжим бидний дунд хэрхэн мандаж байсан юм бол гэдэг их сонирхолтой байна. Хамтдаа энэ хэсэгт зочилцгооё! Галт тэргэндээ суугаад бүсээ чангахан шиг бүслээрэй залуус аа!
1. Алла Пугачева - Арлекино

1974 он Зөвлөлийн орон тэр чигээрээ бас болоогүй талын Монгол зөвхөн энэ дуугаар нэг хэсэгтээ л амьсгалж байсан байх. Би төрөх гээд л дуншиж байсан байгаа юм. Энэ сайхан мөн маш их нэрд гарсан агуу дуутай хамт төрсөн хүн дээ би. Миний бодоход олон жил Монголын радиогоор эгшиглэдэг байсан юм шиг ээ. Би санадаг юм. Аав маань намайг дагуулан нутгийнхаа нэгэн айлд саатсанд радиогоор нь энэ дуу явж таарсан юм. Тэгтэл аав маань энэ мөн бурханаас заяасан агуу мундаг хоолойтой хүн шүү гэж хэлж байсан нь бүүр түүрхэн санагддаг юм. Тэрийг санаж байхыг бодоход би ямар ч байсан ярьдаг болоод хүн ойлгодог болохтойгоо болчихсон байсан гэж бодоход дор хаяж 4 юм уу 5 настай байх гээд байгаа юм. Дуу төрснөөсөө хойш ийм л удаан хугацаанд бидний дунд эгшиглэж байсан байна шүү дээ. Итгэмээргүй юм.
2. Здравствуй песня - Не обещай

1970-аад оны сүүлчээс дэлхий нийтийг хамран хурдацтай тарж байсан диско стилийн хөгжмийн давалгаанд хуучнаар ЗХУ-д байгуулагдсан анхны хамтлаг гэж болно. Дууны ерөнхий хэв маяг стиль нь Германы алдарт Boney М, Eruption нартай адилхан гэж хэлж болно. Бидний нийтлэлийн 2-рт энэхүү хамтлагийн дуулсан Синий синий, инеи хэмээх дуу орсныг санаж буй биз дээ. Eruption хамтлагын One Way Ticket хэмээх дууг орос хэлээр дуулсан нь ЗХУ улс даяар диско клубуудэд эгшиглэж байсан гэдэг. Харин бидний энэ сонсож буй дуу тэдний 2 дах хит нь юм.
3. ВИА Самоцветы - Вся жизнь впереди

1970-аад он гэхэд аль хэдийн олонд танигдсан хамтлаг болсон байжээ. Маш олон хит дуунуудтай бөгөөд 1973 онд дуулж байсан Мой аддресс Советский Союз дуу нь их алдартай байжээ. Цоглог мөртлөө уянгын аялгуут энэ дууг тухайн үед амьдарч байсан ЗХУ-н иргэд одоо ч дуулах дуртай байдаг гэсэн шүү. Москва слезам не верить киноны Александра дуу 2 зэрэгцээд л хит болж байсан гэсэн. Энэ дууг энэхүү цомогтоо оруулан та бүхний залуу сайхан цагт аваачсандаа их баяртай байна.
4. ВИА Поющие сердца - Листья закружат

1970-аад оны ЗХУ-н хамгийн алдартай байсан хамтлаг юм. Тэрээр 1974 онд бүх холбоотын урлагын алтан медаль хүртэж байжээ. ВИА Поющие сердца Следствие ведут Знатоки, Мы-Архимеды, SOS над тайгой, Эта весёлая планета, Тёща зэрэг тухайн үеийн Зөвлөлтийн уран сайхны киноны зураг авалтад оролцож байхаас гадна телевизийн Кабачок 13 стульев, Не в шутку, а всерьёз, Песня года зэрэг олон нэвтрүүлэгт оролцож байсан аж. 1985 оны үед хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд голлох зарим гишүүд нь Ария хэмээх рок хамтлаг байгуулан тусгаарласан гэдэг. Хамтлагтаа үлдсэн бусад нь одоо х бүрэлдэхүүнээр тоглож байгаа гэсэн.
5. Цветы - Честно говоря

Зөвлөлтийн рок урсгалын дуу хөгжмийг үндэслэгч хэмээн албан ёсоор үздэг юм байна. 1973 онд гаргасан Мелодия студийн анхны цомог 7 сая хубиар борлогдсон байдаг. Алдрынхаа оргилд хүрсэн гэж үзэн 1975 онд алдраа тэмдэглэсний дараа өөрийн продюсер, уран бүтээлчидтэй муудалцсаны улаас ЗХУ-н Соёлын Яамны захирамжаар Цветы хэмээх нэгэнт алдаршсан энэ нэрийг ашиглахыг нь хоригложээ. Гэвч удалгүй байдал жаал намжсаны дараахан хамтлагын ихэнх гишүүд дахин нэгдэж Стаса Намина гэх цоо шинэхэн залуучуудын рок хамтлаг байгуулагдсан түүхтэй. Нийтлэлийн маань сүүл хэсэгт энэ хамтлагын нэрээр дуулсан нэгэн рок дууг бүгдээрээ хүлээн авах болно.
6. Лейся, песня! - Песенка про сапожника

Кемерово хотын филармоньд 1974 онд байгуулагдсан тус хамтлаг Михаил Шуфутинскийг 1976 онд хамтлагтаа авснаар орон даяар алдаршиж эхэлжээ. Улмаар 1978 онд Сочи хотноо болсон бүх холбоотын урлагын их наадамд тэргүүлж улсын хэмжээний нэртэй хамтлаг болсноо баталж байжээ. Тэрээр маш олон телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож байснаас гадна социалист орнуудын хүрээнд олон наадамд оролцож байсан байна. 1984 онд хамтлагийг учир битүүлгээр хаасан байна. 1986 оныг хүртэл хөөцөлдсөн авх амжилт олоогүй гэдэг. Чухам яагаад хаасан юм бол?
7. ВИА Синяя Птица - Ты мне не снишься

1975 онд Мелодия студид анхныхаа бичлэгт орж, 1976 оноос цомгийнхоо баярыг хийснээр энэ хамтлагийн төрсөн өдөр болгон албан ёсоор тэмдэглэн үлдээжээ. Белорусс БНУ-н уран бүтээлчдийн үүсгэн байгуулсан энэхүү хамтлаг аль 1972 онд анхныхаа дуунуудыг дуулж байжээ. Уламжлал ёсоор телевизийн нэвтрүүлэгт оролцохоос гадна Болгар, Чехсловак зэрэг орнуудад болдог жил тутмын урлагын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог байв. 1980 оны Москвагийн Олимпийн тоглолт-н урлаг уран сайхны арга хэмжээнүүдэд мөн урилгаар оролцсон байдаг юм байна.
8. ВИА Ариэль - Зимы и вёсны

Та бүхэн санаж байгаа бол улс төрийн дууны уралдаан гэж 10 жилийн сургууль болгонд явдаг байсныг. Хамтлаг маань анх тэгж л гарч ирсэн гэдэг. Челябинск хотын уран бүтээчдийн анхааралд өртсөн эдгээр хөгжмийн сургуулийн хүүхдүүдийг 1968 оноос эхлэн хамтлагийн зохион байгуулалтад оруулж албан ёсоор 1970 онд нээлтээ хийж байжээ. Хамгийн том амжилт нь Горький хотын 750 жилийн ойн хүрээнд зохиогдсон бүх Оросын урлагын наадамд оролцон түрүүлж байжээ. Хамтлаг маань одоо ч уран бүтээлээ туурвиж байгаа. Хамгийн сүүлчийнхээ уран бүтээлийг 2010 онд гаргажээ.
9. Владимир Маркин - Серенивий туман

Зуслангийн соёлын арга хэмжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байсан тэрээр жижиг хүүхдийн хамтлаг байгуулан дуулж байжээ. Харин түүнд нэгэн аз тохиосон нь хэний ч мэдэхгүй нэгэн залуу тэр үеийн Зөвлөлтийн телевизийн алдартай нэвтрүүлэгүүдийн нэг Утренняя почта-д урилгаар оролцсон нь түүнийг олонд таниулж өгсөн гэдэг. Тэр цагаас эхлэн олон жил уран бүтээлээ туурвиж ЗХУ болоод бидний сайн мэдэх дуучин, хөгжмийн зохиолч болжээ. Би түүнийг хамгийн сүүлд зурагтаар КВН нэвтүүлгийн шүүгчээр ажиллаж байхыг нь харсан юм байна. Харин одоо хашир улс төрөөр хөөцөлдөөд тун завгүй нэгэн болсон гэдэг шүү.
10. Гнатюк Николай - Птица счастья

Украйн БНУ-н (хуучнаар) алдарт дуучин маань бидний дунд энэ дуугаараа алдаршсан. 1978 онд Украйндаа түрүүлснээр Бүх Холбоотын Урлагын их наадамд оролцох эрх өвөртлөснөөр олны танил болон алдаршжээ. Тэрээр уг наадамд 3-р байрын шагнал хүртсэн нь тухайн үедээ үнэхээр муугүй амжилт байсан. Бусад түүхийн хувьд яг л өмнөх хамтлаг дуучдын хувь тавилан. Энэ бүхнээс эргээд харахад ЗХУ-н бүхий л амьдрал нэг хэвэнд цутгасан юм шиг хүмүүсийнх нь намтар түүх ч мөн адил тэгсэн ингэсэн гэсээр үргэлжлэх нь та бүхэнд битгий хэл заримдаа надад ч гэсэн уйтгартай байдаг юм. Гэвч бидний сонсож буй дуу хуур бол өөр асуудал шүү.
11. Валерий Леонтьев - Зелёный свет

Усть-Уса Коми АССР-н тосгонд төрсөн тэрээр багаасаа л урлагт авьястай нэгэн байжээ. Архангельск мужийн арван жилд сурч байхдаа сургуулийнхаа хор-т дуулдаг байжээ. Тэгээд хувь заяаны эрхээр энд тэнд урлагын янз бүрийн уралдаан тэмээнд оролцож явсаар олны танил дуучин болсон бөгөөд улмаар ЗХУ-н ардын жүжигчин болсон түүхтэй. Социализмийн үед Улаанбаатарт ирж тоглолтоо хийсэн байдаг юм. Манайхан ч байдгаараа гоёод л очсон биз. Гэтэл үзэгчид маань концерт үзэж таашаал авах нь бүү хэл ихэнх эрчүүд маань түй пай болсоор гарч ирсэн гэдэг. Учир нь Валерий Льёонтев маань нэгэн дууныхаа үеэр хамт бүжиглэж байсан хүүхнийхээ салтаан доогуур гарсан шиг байгаа юм. Ёс заншил гэж юунаас ч илүү хүчтэй байдаг хойно яая гэхэв дээ Монголын маш олон үнэнч фэнүүдээ алдсан нь тодорхой. Гэвч тэрээр мундаг дуучин яах аргагүй мөн. Түүний хэд хэдэн дуу манай дараа дараагийн нийтлэлүүдэд орох болно.
12. Секрет - Привет

The Beatles хамтлагийн улаан фэнүүд тэдэн шиг алдартай болохыг мөрөөдөгч 4 залуу яг л Liverpool-н алдарт 4 гэж дуудуулдаг шиг Ленинградын алдарт 4 гэж дуудуулсаар гарч ирсэн билээ. 1983 онд байгуулагдсан цагаасаа л эхлэн дуулсан дуунууд нь хит болж байсан гэхэд хилсдэхгүй. Харин 1985 онд Мелодия студи хамтлагийн 2 дахь пянзыг гаргасан ч ихэнх дуунууд нь аль хэдийн хит болон дуулагдаж байсан гэдэг. Тэрхүү дуунуудын нэг бол бидний сонсож буй Привет хэмээх дуу юм. The Beatles хамтлагийн Do You Want to Know a Secret? дуунаас сэдэвлэн хамтлагаа Секрет гэж нэрлэсэн гэдэг. Нэлээд сүүлд буюу 1987 онд Рок н Роллын Хаан Элвис хэмээх мюзыкл тоглож байсан байх юм.
13. Веселые ребята - Автомобили

1969 онд анх байгуулагдаж байжээ. Гадаадын сонгодог уран бүтээлийг эстрадын хөгжимд найруулан тавьж тоглодог байсан бараг дэлхийн гэж хэлж болохоор хамгийн анхны хамтлаг юм байна. 1974 онд Алла Пугачева энэ хамтлагт дуулж эхэлсэн байдаг. Түүний анхны гэж хэлж болох хит дуу Арлекино тус хамтлагтай хийсэн анхны уран бүтээл юм байна. Харин 1980-аад оны эхнээс электро поп урсгалаар уран бүтээлээ түүрвиж эхэлсэн нь хамтлагийг нэрийнх нь хувьд олонд алдартай болгож чаджээ. Бидний сонсож буй энэхүү дуу 1983 онд гарсан цомогт нь багтсан бөгөөд социалист орнуудын дунд зохиогдож байсан эстрадын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байна.
14. Машина Времени - Марионетки

Машина Времени хамтлаг 1969 онд байгуулагдсан ЗХУ-н ууган рок хамтлагуудын нэг билээ. Түүхэн замнал нь маш арвин бөгөөд хамтлагийн гишүүд өөрчлөгдөн явсаар 21-р зуунтай золгосон биз ээ. Бидний сонсож буй бүрэлдэхүүн нь 1980-аад оны дунд үеийнхэн. ЗХУ-г тойрон аялан тоглолт их хийдэг байсан тус хамлагийн пянз гэхэд л хэдэн саяараа үйлдвэрлэгддэг байжээ.
15. Земляне - Трава у дома

1980-аад эхээр нэрд гарч байсан дуунуудын нэг яах аргагүй мөн билээ. Бидний үзэх дуртай нөгөөх Ну Погоди хүүхэлдэйн кино дээр ч дуулагдаж байдаг шүү дээ. Нэгэн сонирхолтой мэдээ байна. 1987 онд хамтлаг маань ЗХУ түүхэнд анх удаа гадаадын нэгэн рок хамтлагтай хамтран Москва хотын Олимпийский стадионд тоглолтоо хийжээ. 1988 онд хамтлагийг үүсгэн байгуулагч Владимир Киселёв хамтлагаа орхисноор цаашдын уран бүтээл явцгүй болж, олонд түгсэн хит дуунуудын буухиа тасарсан гэж хэлж болно.
16. Игорь Скляр - Комарово

Хүн болгон л амандаа аялчихсан явдаг байсан сан. Дэлхийд биш юмаа гэхэд ЗХУ Монгол 2-рт бол хит жагсаалтын нэгдүгээрт явж байсан биз. Манай хойд талын байрны нэг орос айл өсгөгчөө цонхон дээрээ тавьж байгаад л амралтын өдрүүдэд гоё гоё дуу тавьж өгнө шүү дээ. Энэхүү нийтлэлийг бичигч миний бие Эрдэнэт хотод өссөн бөгөөд тус хотод ГОК-н ажилчид болох хуучин ЗХУ-н маш олон иргэд ажиллаж амьдарч байлаа. Заримдаа Оросуудаас шуудхан л тэр дууныхаа пянзыг өгчих гээд гуйна шүү дээ. Зарим нь итгээд өгөнгүүт нь гол гаргаад буцааж өгнө гэж гонж. Ориг пянз олдохгүй, хэцүү. Дуу сонирхон цуглуулах боломж л лав тэр үед үнэхээр бий болоогүй л юмдаг. Энэ сайхан дуугаар нийтлэл маань үргэлжилж байна.
17. Ялла - Учкудук

ЗХУ-н Үзбекистан БНУ-н алдарт Ялла хамтлаг 1960-аад оны сүүлчээр Ташкент хотноо үүсэн байгуулагджээ. 1982 онд алдарт энэ дуугаа дуулах хүртлээ зөвхөн Үзбекистанд л аялан тоглож дуулдаг байжээ. Харин энэ дуу гарснаар хамтлагийн нэр хүнд ЗХУ битгий хэл хуучин социалист орнуудад хит болж байсан юм. 1980-аад оны эхээр хамтлагийн тоглолт Орбитын сувгаар шөнө 00 цагт гарна гэх сургаар унталгүй хүлээж байж ахтайгаа хамт үзэж билээ. Аз болоход манай Эрдэнэт хотод Оросууд ихээр амьдардаг байсан нь Телевизийн суваг ялангуяа орбит тэгж орой болтол гардаг байсан хэрэг л дээ. Өглөө маш их баяр хөөртэй хичээлдээ явж билээ. 1994 онд хамтлаг албан ёсоор тарж ихэнх гишүүд нь АНУ-д амьдрахаар одоцгоосон гэж түүхэн дээр нь бичээстэй байна. Хайдаг хэрэг ээ.
18. Кино - Группа крови

Солонгос гаралтай Виктор Цой-г гол имижээ болгосон Ленинградын алдарт Кино хамтлаг дээр өгүүлсэнхлэн ЗХУ-н нэгэн хэвэнд цутгачихсан юм шиг бусад рок хамтлагуудаас арай л өөр өнгө төрхтэй байсан гэдэг. Дуулж буй дууных нь үг, найруулга энэ тэр нь тэр үедээ л эсэргүү мэт сонсогдож байсан авч ард түмэн ялангуяа шинэ өсвөр насны залуудын маш том дэмжлэгийг авч байжээ. Зөвлөлтийн үеийн эстрад сонирхон сонсдог бүх хүмүүс энэ хамтлаг хийгээд Виктор Цой-н тухай мэддэг учраас ингэсгээд зогсьё. Тэрээр 1990 онд автомашины ослоор нас барсан юм. Миний бодлоор түүнийг хорлосон байж болох х хар тамхи татдаг байсан түүнийг амиа хорлосон гэж үзэх хүмүүс ч байдаг юм билээ.
19. София Ротару - Айст на крыше

Украйн, Молдов, болон ЗХУ-н ардын жүжигчин агуу дуучны энэ дууг бид сургуулийнхаа урлагын үзлэгээр дуулж байсан юм. Манай ангийн орос хэлний багш Энхжаргал (Эрдэнэт хот. 4-р 10 жил) бидэнд энэ дууг зааж өгөхөөр тэр үед хичээлийнхээ батлагдсан төлөвлөгөөг өөрчлөн маш зоригтойгоор орж байсныг санаж байна. Нэгэн өглөө жижигхэн пянз тоглуулагч барьсаар орж ирэн шууд л энэ дууг тавиад үгийг нь самбар дээр бичээд эхэлж билээ. Дуу хөгжим ихэд сонирхон сонсдог байсан надад энэ хичээл их таалагдсан учраас ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд Монголоор орчуулан тайлбарлан өгч билээ. Би энэ хичээлийн дараа өрөв тас хэмээх шувууны тухай номын санд орж уншиж байснаа санаж байна. Бидний дунд үнэхээр хит болж байсан гайхалтай дуу шүү.
20. Стаса Намина - Мы желаем счасьтя вам

Цветы хамтлагт тоглож байхдаа удирдлагатайгаа муудалцсаны улмаас ЗХУ-н Соёлын Яамнаас банга хүртэн хамтлагийнхаа нэрийг ашиглан уран бүтээл хийх эрхээ хасуулж байсан нөхөд гандан бууралгүй энэхүү хамтлагаа байгуулан олонд ихээр түгсэн уг дуугаараа буцаж ирснээ зарлаж байсан түүхтэй. Тэр үеийн залуучууд энэ дууг сайн санаж байгаа биз ээ. Бараг л бидний амны уншлага юм шиг л дуулагдаж байсан. Анх гарсан даруйдаа бас л цензурт орж хориглогдож байсан бөгөөд дөнгөж 1985 онд л энэ дууг олон нийтэд дамжуулахыг зөвшөөрч байсан гэдэг. Ингээд бодохоор их л том асуудалд орооцолдож байгаа юм. Ёстой л даравч далдайна гэдэг шиг л болж дээ.
21. Игорь Николаев - Мельница

Хөгжмийн зохиолч, дуучин энэ хүнийг манайхан бүгд л мэдэх билээ. 1980, 1990-ээд оны ЗХУ, ОХУ-н хөгжмийн магнат гэж хэлж болно. Алдарт Алла Пугачевагийн дууг зохиож байсан (Алла Пугачева - Айсбэрг) гэж бодохоор ямархан түвшний хөгжмийн зохиолч байсан нь тодорхой. Та бидний сайн таних украйн гаралт Наташа Королева-тай ханилан амьдарч түүний хөгмийн амьдралд үнэлж баршгүй том хувь нэмэр оруулсан ч олон жилийн идэвхтэй амьдралынхаа дараа тэд салсан нь харамсалтай. Гэхдээ хамтран хэд хэдэн сайхан уран бүтээл хийж байсан нь бидний дараа дараагийн нийтлэлүүдэд орно гэдгийг амлаж байна.
22. Юрий Антонов - Крыша дома твоего

Хөгжмийн зохиолч, дуучин Юрий Антонов энэ дуугаа 1983 онд Мелодия студид анх бичүүлжээ. Мэдээж гарсан даруйдаа хит болон түгж улмаар оны сүүлчээр анх Песня 83 финалын шатны нэвтрүүлэгт уригдан оролцож байжээ. 1985 онд Финландын дуу бичлэгийн студи түүнийг урьж дуунуудаа англи, орос хэл дээр дуулж бичүүлэхийг санал болгосноор хэсэг хугацаанд тэнд амьдарч байжээ. Тэрээр уран бүтээлээ цаашид амжилттай үргэлжилүүлсэн бөгөөд ихэнх дууныхаа аяыг өөрөө зохиодог байжээ. Бидний сонсож буй энэ дуу Зөвлөлтийн алдарт хүүхэлдэйн кино Ну Погоди-д чонын дүрд дуу оруулагч Папановын дуулснаар гардаг.
Share this article :